ДОРНОГОВЬ: Анагаахын сургууль хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-09-14 14:35:00

 

Дорноговь /МОНЦАМЭ/. Японы Шизүока мужын Их сургуулийн Сувилахуйн сургуулийн багш, оюутны төлөөлөл PhD Asako Takekuma Katsumata тэргүүтэй төлөөлөгчид Дорноговь аймагт энэ оны есдүгээр сарын 12-нд зочиллоо.


Албаны төлөөлөгчдийг аймгийн Засаг даргын орлогч Г.Март хүлээн авч уулзан аймаг орны хөгжил дэвшил бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгч харилцан ярилцсан байна. Мөн Шизүока мужийн Их сургуулийн Сувилахуйн сургуулийн төлөөлөгчид АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны сургуульд зочилж үйл ажиллагаатай нь танилцсанаас гадна хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрдэм шинжилгээ, сургалт, багш оюутан солилцох хүрээнд санамж бичиг байгууллаа. Аймаг мужийн Анагаахын сургууль хоорондын хамтын ажиллагаа 2019 оноос эхэлжээ.  


Дорноговь аймаг болон Япон Улсын Шизүока муж хоорондын хамтын ажиллагаа 2011 онд эхэлсэн бөгөөд энэ хугацаанд боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, төрийн албан хаагчдыг сургах, хүүхэд солилцооны хөтөлбөр зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллаж иржээ.


Дорноговийн Анагаахын сургууль 1962 онд Анагаах ухааны дунд сургууль нэртэй байгуулагдсанаас хойш 1992 онд Анагаах ухааны коллеж, 2010 онд ЭМШУИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургууль, 2014 оноос  АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль болон өргөжиж бүс нутаг төдийгүй аймаг хотод олон зуун эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэсэн 61 жилийн түүхтэй  эрдмийн их уурхай болон өргөжсөн байна.

Related news