“Тэнгэр язгуур” дуулалт жүжиг зураг авалтандаа орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-09-17 21:45:03

Хөвсгөл аймгийн Хөгжимт драммын театрын уран бүтээлчид домогт Алунгоо эхийн эвийн сургаалиар дуулалт кино жүжиг тавихаар болж зураг  авалтандаа орлоо.

Алунгоо хатны унасан газар шороо болох  Хөвсгөл нутгийн уран бүтээлчид болоод, эрдэмтэн судлаачид, эв эеийн сургаалийг эрхэмлэгч хүмүүс  нэгдэн “Тэнгэр язгуур” нэрийн доор 10 бүлэг 26 дүр бүхий дуулалт кино жүжгийг бүтээх ажил ийнхүү эхэллээ. 

Киноны зураг авалт Хөвсгөл нутгийн онгон дагшин байгаль, Хэнтийн түүхэн газруудад болох гэнэ. Киноны нээлтийг энэ оны 11 дүгээр сарын нэгэнд хийх бөгөөд 2017 онд АНУ-д болох олон улсын фестивальд оролцохоор төлөвлөж байгаа гэдгийг  кино найруулагч А.Энхтайван хэлж байлаа.

Монголын нууц товчоо тэргүүтэй түүхэн сурвалжууд дээр тулгуурлан кино зохиолыг бичсэн ба түүхийн үнэнийг уран сайхны сонирхолтой шийдлээр илэрхийлж Монголчуудын эв нэгдэлийн үзэл санааг нэн тодоор гаргаж өгсөнөөрөө онцлогтой ажээ. “Тэнгэр язгуур” жүжгийн уран бүтээлчдийн багт Цомнол: Хотгойд овгийн Б. Баярмагнай МУСТА, хөгжим: хиад боржигон овогт А.Энхтайван, редактор: Бурхан халдуны Урианхан Ж.Саруулбуян МУСГЗ, Доктор, профессор, зөвлөх: Хэрсүүд овогт О.Сүхбаатар /профессор/ нар ажиллаж байгаа ажээ.

Б.Гантуяа 

Related news