ХЭНТИЙ: Улсын аварга малчид туршлага солилцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-08-23 18:45:05
Чингис /МОНЦАМЭ/. Аймаг бүрийн төлөөлөл болсон 30 гаруй улсын аварга малчин Хэнтий, Сүхбаатар аймгуудад туршлага солилцож байна.

Тэд Хэрлэн сумын Өлзийт тосгоны Чандганы талд үйл ажиллагаа явуулдаг “М-АГРО” ХХК-ийн хэрэгжүүлж буй дэлхийн стандартыг хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлэх “МЭТАГРО” хөдөө аж ахуйн цогц төсөлтэй танилцлаа. Тус төсөл "М-Си-Эс Холдинг" ХХК-ийн хөрөнгө оруулалтаар орон нутагт хэрэгжиж байгаа бөгөөд 10200 га газарт газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, боловсруулах үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Төслийн зорилго нь ОХУ, БНХАУ болон гуравдагч орнууд руу хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох, дэлхийн стандартыг Монголын хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлэх, газар тариалан мал аж ахуй хосолсон хөдөө аж ахуйн дэвшилтэт технологийг ашиглан бүс нутгийн бүтээгдэхүүнийг дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлэх юм. Нөгөөтэйгүүр энэхүү төсөл нь Монгол Улсын бодлогын хэмжээнд хэрэгжиж буй томоохон төсөл бөгөөд малчид эрчимжсэн мал аж ахуйг эрхэлснээр хэрхэн малаа зах зээлд нэвтрүүлж, үр ашгийг нь хүртэж болох зэрэг олон талын ач холбогдолтой учир ийнхүү танилцуулж байна.
Related news