ХЭНТИЙ: БНСУ-ын Чусон их сургууль аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-08-18 19:59:02

Чингис /МОНЦАМЭ/. БНСУ-ын Чусон их сургууль Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, нарийн мэргэжлийн эмч нарыг богино болон урт хугацааны сургалтанд хамруулахаар боллоо.


Тус сургууль нь Монгол Улстай долоон жилийн өмнөөс хамтран ажиллаж ирсэн бөгөөд томоохон эмнэлгүүд, зарим аймгийн эмнэлгүүдэд сайн дурын үзлэг хийдэг байна. Ковид цар тахалын улмаас түр завсарлаж байгаад энэ жил анх удаагаа Хэнтий аймагт ирж, сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж байгаа аж Тухайлбал, Нэгдсэн эмнэлгиин эмч нарт яаралтай тусламжийн сургалтыг өгч, аймгийн засаг даргын тамгын газар, нэгдсэн эмнэлэгтэй хамтран гурвалсан гэрээг байгуулав. Тус гэрээгээр Чусон их сургуульд Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарыг богино болон урт хугацааны сургалтанд хамруулж дэмжлэг үзүүлэхээр болжээ. Мөн сургуулийнхаа нэрэмжит төгөлийг Чингис хотод байгуулсан юм.


Чусон их сургууль нь Монгол Улсаас 100 гаруй нарийн мэргэжлийн эмч нарыг өөрийн сургуульдаа богино болон урт хугацааны сургалтанд хамруулж чадавхжуулсан байна. Цаашид орон нутгийн эмч нарыг сургах ажил нь ийнхүү Хэнтий аймгаас эхэлж байгаа бөгөөд 2024 оны нэгдүгээр улиралд багтаан найман эмчийг сургахаар болов.

Related news