ТӨВ: Үндэсний сурын харваанд 21 аймгийн 300 харваач цэц мэргэнээ сорив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-07-29 20:59:05

Зуунмод /МОНЦАМЭ/. Төв аймгийн баяр наадмын Үндэсний сурын харваанд 21 аймгийн 27 баг, клубийн 300 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөв.

 

Энэхүү харваанд Монгол Улсын мэргэн тав, Монгол Улсын Хүндэт мэргэн гурав, Монгол Улсын гарамгай харваач, тод харваач, гоц харваач 18, аймгийн мэргэн, спортын мастер 80 гаруй харваач оролцсон юм. 

Эрэгтэйчүүдийн ангилалд Дундговь аймгийн уугуул, аймгийн мэргэн Л.Батболд 39 онож түрүүлж, Говь-Алтай аймгийн Тайшир сумын харьяат Спортын мастер, аймгийн гоц харваач Батбаярын Мягмарсүрэн 37 оноогоор дэд байр эзэлж, аймгийн Гарамгай мэргэн цол хүртлээ.

 

Харин эмэгтэйчүүдийн төрөлд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер Ж.Норжмаа 38 оноогоор тэргүүн байр эзэлж, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харьяат, спортын дэд мастер Пүрэвдоржтын Сумъяасүрэн 37 оноогоор дэд байр эзэлж, аймгийн Гарамгай мэргэн харваач цолны болзол хангалаа.

Төв аймгаас үндэсний сурын харвааны Дархан мэргэн 2, Даян мэргэн 1, Улсын мэргэн 13, Гарамгай мэргэн 2, Гоц харваач 2, Онц харваач 3 төрөн гарч Богдхан уулын аймаг байгуулагдсанаас хойш Ардын төрийн их баяр наадмын Үндэсний сурын харвааны 15 түрүүг хүртсэн байна.

Related news