Баяр, амралтын өдрүүдэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2023-07-10 09:50:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадам болохтой холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас ЦЕГ, ГССҮТ, ЦУОШГ, НЭМҮТ-тэй хамтарсан хэвлэлийн хурал хийлээ.

 

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна.

Тухайлбал, голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулж, гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, голын эрэг дагууд амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх зэрэг ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм.

 

НОБГ-ын Аврах ангийн алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл”-ийг 6 дугаар сарын 10-наас эхлэн 13 дахь жилдээ зохион байгуулан ажиллаж байна. Завьт эргүүлийнхэн өнөөдрийн байдлаар 10 иргэний амийг гол усанд осолдохоос авран хамгаалж, гол, усны ойролцоо амарч зугаалж байгаа 6000 гаруй иргэнд сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэн ажиллажээ.

 

Улсын хэмжээнд он гарсаар 7 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар 9 аймгийн 13 суманд 13 удаагийн тохиолдол бүртгэгдэж, 22 хүний амь, 90 сая гаруй төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Харамсалтай нь усны ослоор 13 хүн амиа алдсан байна. Өнгөрсөн жилийн үндэсний их баяр наадмаар усны ослоор 21 иргэн /18 том хүн, 3 хүүхэд/ амиа алдсан тохиолдол бүртгэгдэж байсан.

 

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.

Мөн Үндэсний их баяр наадмаар олон хоногийн амралт таарч байгаа тул ард иргэд аялал, амралтаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж, аюулгүй байдлаа хангахыг ОБЕГ онцгойлон анхааруулж байна.

Түүнчлэн баяр наадмын өдрүүдэд зам тээврийн осол, гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байдаг учраас хөдөө, орон нутагт зорчихдоо автомашин техникийн бэлэн байдлыг хангах, хурд хэтрүүлэхгүй байх, аялж, зугаалахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангахыг анхаарууллаа.

 

Related news