Зарим гол олон жилийн дундаж түвшинг 30-90 см даван үерлэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2023-07-03 16:08:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Долоодугаар сарын 3-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Хэнтийн нурууны баруун хажуугийн Хүдэр, Тэрэлж, зүүн хажуугийн Эг, Онон, Тарвагатайн нуруунаас эхтэй Зэлтэр зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-35 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 30-90 см даван үерлэж байна.


Мөн Хархираа гол үерийн түвшинг 5 см, Ховд гол үерийн аюултай түвшинг 25 см давсан хэвээр нэлээд элбэг устай байна. 

Маргааш буюу долоодугаар сарын 4-ний өдөр Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 35 см, Онон гол Дадал сум орчимд 10 см тус тус нэмэгдэх хандлагатай байна. Өнөө шөнө Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангайн хойд хэсэг, маргааш Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн нутгаар их хэмжээний бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух магадлал өндөр байна.


Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа ард иргэд үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, гол руу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг онцгойлон анхаарууллаа.


Мөн түүнчлэн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч, урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Related news