ХЭНТИЙ: Биндэр сум 100 жилийн ойгоо олон бүтээлч ажлаар угтаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-07-03 16:30:56

Биндэр /МОНЦАМЭ/. Энэ жил Хэнтий аймгийн Биндэр сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байна. Тус сумын удирдлагууд иргэдэдээ сум орон нутагтаа амар тайван, тав тухтай амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн олон ажлыг амжилттай хэрэгжүүлэн ойн баяраа угтаж байгаа тухайгаа ярилаа.


Тухайлбал, арван жил хуримтлагдсан хогийн цэгийг дарж булшлах, сумын төвийн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, сумын төвийн болоод цэцэрлэгт хүрээлэнгүүдийнхээ өнгө үзэмжийг сайжруулахын зэрэгцээ айл өрх, албан байгууллага бүр өөр өөрийн хүрээнд бүтээлч ажлуудыг хийж байгаа нь төрөлх нутгийнхаа их ойд бэлэг барьж буй сэтгэлийн дэмжлэг юм гэдгийг тодотголоо.

Үүний зэрэгцээ УИХ-ын гишүүд болоод аймгийн удирдлага, нутгийн зөвлөлийн дэмжлэг, хамтын ажиллагааны үр дүнд  Их хуралдай цогцолбор, 200 хүүхдийн цэцэрлэг, 20 ортой хүн эмнэлгийн барилга, сургуулийн спорт заал, Гутай Хөмүүл голын эх БЦГ-ын хамгаалалтын захиргааны барилгуудын ажлууд дуусч ашиглалтад ороход бэлэн болжээ. Мөн ирэх жилүүдэд 150 хүүхдийн дотуур байрны барилга, Ус, цаг уурын өртөөний барилга, Өмнөдэлгэр сумаас Биндэр сум чиглэлийн засмал замын ажлуудыг эхлүүлэхээр ажиллаж байна гэлээ.

Монгол төрийн гал голомтыг сахин суугаа араараа модтой Биндэръяа нутгийнхаа зон олонд сумын удирдлагуудын зүгээс түүхт их ойн баярын мэндийг дэвшүүлж, түвшин жаргалтай, тэнүүн цэнгэлтэй, дэнж хотойтол сайхан наадахын ерөөл өргөснийг уламжилъя. 

Related news