ХӨВСГӨЛ: Зам тээврийн осол 19 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-06-30 15:53:53

Мөрөн /МОНЦАМЭ/. Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой “Нэг зам нэг соёл” аян Хөвсгөл аймагт нээлтээ хийлээ.



Аялал жуулчлалын улирал эхэлсэн энэ  үед Хөвсгөл нутгийг зорих иргэдийн тоо нэмэгдсээр байна. Ялангуяа ирэх баяр наадмын амралтын өдрүүдэд ачаалал эрс нэмэгдэх учраас аялагч иргэдийг хурд хэтрүүлэхгүй, хамгаалах бүсийг тогтмол зүүж, шөнө гэрлээ шилжүүлж, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн ахмад Б.Батбаатар анхаарууллаа.


Тус аймгийн Цагдаагийн газарт энэ он гарсаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн зам тээврийн ослын шинжтэй 64 дуудлага, мэдээлэл иржээ.



Оны эхний хагас жилийн байдлаар зам тээврийн осол гэмт хэргийн улмаас 7 хүн нас барж, 34 хүн гэмтэж бэртсэн байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад зам тээврийн осол 19 хувиар, нас баралт 50 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байгаа боловч гэмт хэрэг 3,9 хувиар өсжээ.

 

 

 

 

 

Related news