ХЭНТИЙ: “Монгол хатад” эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийн эмхэтгэл хэвлэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-06-29 22:25:49

Баян-Адарга /МОНЦАМЭ/. Таван удаагийн эрдэм шинжилгээний хурлын сор болсон 31 эрдэмтний илтгэлээс бүтсэн “Монгол хатад” ном уншигчдын гарт хүрэхэд бэлэн болжээ. Тус номыг “Монголын их хатдын хүндэтгэлийн өргөө” ТББ-ын санаачилгаар Хан Хэнтий аймгийн 100 жил, Баян-Адарга сум үүсэн байгуулагдсаны 100 жил, Монгол хатдын өргөө байгуулсны 12 жилийн ойд зориулан бүтээжээ.

 

Хэнтий аймгийн Баян-Адарга суманд УИХ-ын гишүүн асан Д.Арвины санаачилгаар 2011 онд Дуурлигийн дэнжид Монгол төрийн түүхэнд нэрээ мөнхөлсөн хатдад зориулж Монгол Хатдын хүндэтгэлийн өргөө цогцолборыг санаачлан барьж байгуулсан байдаг. Энэхүү цогцолбор нь Монгол хатдын аугаа сургаал, алдар гавьяа, баатарлаг түүхийг мөнхжүүлж, ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх Монгол туургатан хатдын түүх соёлын төв-хүндэтгэлийн өргөө болон хөгжүүлэх зорилготой цогцолбор юм.


Тус цогцолборын дэргэдэх “Монголын Их хатдын хүндэтгэлийн өргөө” ТББ  өдөр тутмын үйл ажиллагаа, арга хэмжээг хариуцан ажилладаг байна. ТББ-ын зүгээс Монгол хатад эрдэм шинжилгээний хурлыг 2013, 2014, 2018, 2019, 2021 онд нийт таван удаа хийж түүний сор болсон 31 эрдэмтний 30 илтгэлийг багтааж ийнхүү “Монгол хатад” эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийн эмхэтгэл номыг бүтээж нээлтээ хийлээ. Тус номыг Монгол Улсын Хүний гавьяат эмч, "Монголын Их хатдын хүндэтгэлийн өргөө" ТББ-ын тэргүүн М.Чимгээ санаачлан бүтээсэн байна. Тус номыг нийт 300 ширхэг хэвлэсэн бөгөөд Төв номын сан, Хэнтий аймгийн Номын сангаас ирж сонирхон уншиж судлах боломжтой аж.


“Монгол хатдын өргөө цогцолбор” ОНӨААТҮГ-ын дарга Ц. Майдэлгэр ярихдаа “Монгол хатдын өргөө цогцолбор нь гадаад, дотоодын жуулчдад үйлчилгээгээ өдөр тутамдаа үзүүлсээр байна. Манай цогцолборт ирснээр их хатдын тухай мэдлэг оюунаа тэлэхээс гадна, өргөөний билэг тэмдэг бүхий гар урлалын бүтээгдэхүүн, нутгийн брэндүүд, монгол хатад, ноёдын дээл хувцас өмсөж үзэх боломжтой зэрэг сонирхол татах зүйлс олон бий” гэлээ

Related news