ДОРНОД: Улаан хөлт хөгчүү шувуу Чух нуураас Хонконгийн Май По парк хүртэл нисжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-06-27 14:09:21

Чойбалсан /МОНЦАМЭ/. Уржнан жилийн наймдугаар сард Чух нуурт бөгжилсөн улаан хөлт хөгчүү шувуу энэ оны гуравдугаар сард Хонконгийн Май По паркад нисэж байгаа нь бүртгэгджээ. Түүнчлэн 2019-2020 оны хооронд бөгжилсөн өөр нэг шувуу энэ оны тавдугаар сард Чух нуурт дахин ирсэн байна.


Сонирхуулахад, 2019-2022 онд “Чух” шувуу судлалын сууринд бөгжилсөн эргийн шувуудаас дөрвөн зүйлд хамаарах 22 бодгаль дахин ажиглагдсан гэж мэдээлэв. Эдгээр зүйлүүдээс Улаан хөлт хөгчүү хамгийн олноор буюу 11 удаа дахин ажиглагджээ.


Монголын шувуу хамгаалах төв эргийн шувуудын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг судлах удаан хугацааны мониторингийн ажлыг Чух нуурт эхлүүлээд байна. Тодруулбал, Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Чух нуураар нүүдлийн үедээ дайран өнгөрдөг эргийн шувуудын тоо толгойд мониторинг хийж, тэдгээрийн хөдлөлзүйг идэвхтэй судалж байгаа юм.  

Дөрвөн жилийн өмнө Чух нуурт Зүүн-Aзийн шувуу судлалын олон улсын сууринг байгуулснаар ийнхүү шувуудын нүүдлийн экологийн судалгааг урт хугацаанд тогтвортой гүйцэтгэж, шинжлэх ухааны мэдээлэл цуглуулах боломж бүрджээ.


“Чух” шувуу судлалын сууринг судлаачид, шувуу сонирхогчид, жуулчид болон нутгийн иргэд зорьж очихоос гадна их сургуулийн биологи, экологийн ангийн оюутнууд судалгаанд оролцож, эрдмийн зэргийн сэдвээ хамгаалж байна.

Related news