Гурван улсын арбитр хоорондын шийдвэрээ хэлэлцлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-06-19 09:17:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арбитраар ОХУ-ын оролцогчтой 96 сая ам.долларын үнийн дүн бүхий 31 хэрэг, Монгол Улсын оролцогчтой 1.4 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 12 хэрэг хүлээн авч шийдвэрлэжээ. Энэ нь сүүлийн 5 жилийн дүн юм.


Түүнчлэн БНХАУ-ын Олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын хороо (CIETAC)-ны өнгөрсөн онд нийт 4086 шинэ нэхэмжлэл хүлээн авснаас 15.7 хувийг олон улсын маргаан эзэлж буй талаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын арбитрын хамтарсан хэлэлцүүлэг хурлын үеэр дээрх хорооны дэд ерөнхийлөгч Ши Чаншин мэдээлэв.


Тэрбээр жилд хүлээн авч буй нийт хэрэг нь иргэний хэргийн шүүхээр хэлэлцэж буй хэргийн 5 орчим хувьд хүрдэг байна. БНХАУ-ын Олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын хорооноос санхүүгийн маргаан өмнөх жилээс 50 гаруй хувиар өссөнийг мэдээлэв. Тус улс гадаадын арбитрын шийдвэрийн 90 хувийг хүлээн зөвшөөрч, биелүүлжээ. CIETAC-н арбитрчийн жагсаалтад Монгол Улсын харьяалалтай нэг арбитрч байдаг нь Монголын Олон улсын Арбитрын арбитрч О.Номинчимэг байна.


ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Олон улсын арилжааны арбитрын шүүхээс мэдээлснээр 2021 онд 860 шинэ нэхэмжлэл хүлээн авсан бол 2022 онд нийт 652 болж буурчээ. 2022 онд хамгийн олон буюу 200 шинэ нэхэмжлэл хүлээн авсан байна. Нийт хэргийн 10 хувь нь олон улсын маргаан байгаагаас 6 хувь нь БНХАУ-ын, 2 хувь нь ОХУ-ын оролцогчтой байгаа аж.


Сүүлийн хоёр жилд санхүүгийн маргаан 50 гаруй хувиар өсөж, 2022 онд 56 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий маргаан хүлээн авчээ. Үүний 67 хувийг бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээний маргаан эзэлдэг байна. Нийт маргааны 54 хувь нь 200 мянган ам.доллар хүртэлх үнийн дүнтэй байгаа талаар ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Олон улсын арилжааны арбитрын шүүх (ICAC)-ийн орлогч дарга И.С. Зыкин Иван Семёнович мэдээлэв.


Хэлэлцүүлгээр гурван улсын арбитрын байгууллагууд тус тусын үйл ажиллагааны талаар танилцуулж гадаадын арбитрын шийдвэрийн хэрэгжилтийн талаарх статистик мэдээллийг ийнхүү хуваалцан практикт тулгарч буй асуудлыг ярилцлаа. Хэлэлцүүлгээр Монгол Улсын талаас Монголын Олон улсын Арбитр (МОУА)-ын арбитрч, хууль зүйн ухааны доктор, профессор Т.Мэндсайхан “Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын арбитрын ажиллагаанд холбогдох олон улсын гэрээ” сэдвээр илтгэл тавив.


БНХАУ-ын Олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын хороо жил бүрийн 9 дүгээр сард зохион байгуулдаг Хятадын арбитрын долоо хоногт оролцогч талуудыг оролцохыг урилаа.


Related news