ХЭНТИЙ: Нарсан ойн хүрээлэнгээр алхахад эрүүл мэндэд нэн тустай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-06-19 16:25:55

Биндэр /МОНЦАМЭ. Биндэр сумын төвөөс баруун хойш 14 км газарт Нарсан ойн хүрээлэн байрладагЭнэхүү нарсан ойд ганцхан цаг алхахад 2.6 куб.метр цэвэр агаараар амьсгалдаг аж.


Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн төвийг дайрч 544 км явахад хааш хаашаа үргэлжлэх нэг км тус нарсан ойд хүрч очно. Үүдний тохижилт нь гадаад улс орнуудын “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн үүд хаалганы ерөнхий дүр зураг руу дөхсөн байдалтай. Эхэнд нь 20,30,40,50 гэсэн тоо бичсэн таван нүхтэй сараалжин мод бий. Аялагч өөрийнхөө тарган, туранхайг шалгаад, хүрээлэнгээр ханатлаа алхсаны дараа дахин өөрийгөө шалгаж болох тест юм. Хүрээлэнгийн дотор зэрлэг гахай, чоно, буга гөрөөс гэх мэт амьтдын баримал, шувууны үүрнүүд, амрах сандал ширээ, дөрвөн тийш алхах чөлөөт зам байдаг. Нэг самбарт тус хүрээлэнгийн нэг захаас нөгөө зах хүртэл 1160 метр зайд хамгийн хурдан гүйж рекорд тогтоосон хоёр хүний нэр, гүйсэн хугацааг бичсэн байна. Жил болгон рекорд эвдэх гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг аж.


Өмнө нь тус газарт 1973 онд арчилгаа цэвэрлэгээний огтлолт хийж, мод үржүүлгийн талбай байгуулан, нарсыг үрээр тарьж, суулгац ургуулан үйлдвэрлэлд ашиглаж байжээ. Тус хүрээлэнд 2000 онд “Цанахүү” өсвөрийн цанын улсын аварга шалгаруулах тэмцээн болж байсан гэдэг. 2016 оноос эхлэн “Нарсан ойн хүрээлэн”-гийн талбайг томсгон иргэд, байгууллагын тусламжтай тохижуулж эхэлсэн байна.


Нарс нь агаарыг төрөл бүрийн нянгаас цэвэрлэж өгдөг ба нэг нарс мод жилд зургаан кг нүүрсхүчлийн хийг шингээдэг аж. Нарсан ойд алхахад биеэс тамхины никотины хор гадагшилж, уушги цэвэршдэг, сэтгэл санаа тайвширч стрессээс үүдэлтэй өвчин эдгэдэг гэж үздэг. Мөн нарсыг эртнээс эмийн ургамал болгож хуян хөөрөх, тууралт, булчингийн өвдөлт, цус багадалт, нойргүйдэл, хоолны дуршил буурах, архаг ядаргаа, чихрийн шижин, зүрх судасны өвчнийг анагаахад ашиглаж иржээ. 


Япончууд нарсыг бурхны мод гэдэг ба мацү хэмээн нэрлэдэг. Мацү гэдэг нь мөн хүлээх гэсэн утгатай бөгөөд бурхан багш энэ ертөнцөд морилохдоо зөвхөн нарс модон дээр бууж ирдэг байсан ба бурхныг хүлээх хүмүүс энэ модыг мацү буюу хүлээлт хэмээн нэрлэжээ.

Related news