Ж.Эрхэмбаатар: Цахим орчинд хүний эрхийг хамгаалах бие даасан хууль хэрэгтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-06-14 15:54:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦХХХЯ, Харилцаа холбооны зохицуулах хороо, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Цахим орчны хүүхэд хамгаалал-2023” хэлэлцүүлэг зохион байгууллаа.


Хэлэлцүүлгээр ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар, фейсбүүк буюу "Мета" компанид Монгол Улсын Засгийн газрын зохицуулах хорооноос өгч байгаа хүсэлтийн шийдвэрлэлт 15 хувь байгааг мэдээлэв. Энэ нь дэлхийн дунджаас 3 дахин бага байгаа аж. Дээрх хувийг нэмэгдүүлэх нь хууль эрх зүйн орчноос шууд шалтгаалж буйг тэрбээр хэллээ. “Монгол Улс ямар ч эргэлзээгүйгээр цахим орчинд хүний эрхийг хамгаалах бие даасан  хуультай байх хэрэгтэй. Энэ хуулиар технологийн болон олон нийтийн сүлжээнд тавих шаардлага, хамгаалах байгууллагын тогтолцоог бий болгож иргэдээс ирсэн гомдол мэдээллийг түргэн шуурхай шийдвэрлэх хууль ёсны бөгөөд шударга, нийтэд ил тод үйл ажиллагааг бий болгох ёстой хэмээн тэрбээр хэлсэн юм.


Цахим орчин дахь хүүхэд хамгааллын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх тус хэлэлцүүлэгт оролцогч нар Монгол Улсад цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудлаар санал сонилцож, хүүхдэд цахим орчинд тулгарч буй эрсдэлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зөвлөмж шийдлийг санал болгож, талуудын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хөндлөө.


УИХ-ын гишүүн Б.Баярсайхан өнгөрсөн 5 дугаар сард ЕБС-ын дунд, ахлах ангийн сурагчдын дунд “Цахим орчин-Хүүхдийн эрх” сэдэвт бичлэгийн уралдаан, хэлэлцүүлэг болсныг дурдаж, хэлэлцүүлгээр хүүхдүүд  цахим орчин дахь дээрэлхэлт, гадуурхалтын талаар мэтгэлцэж, энэ талын тэмцээний аварга болсон 18 дугаар сургуулийн сурагч Н.Номингийн цахим орчинг тодорхойлон хэлснийг иш татав.


Цахим орчин бол тас харанхуй өрөө шиг айдсаар дүүрэн бөгөөд энд бид хэнтэй харилцаж байгаагаа яг таг мэдэх боломжгүй. Гадна талаасаа эрүүл бүрэн бүтэн харагдаж байгаа хүүхдүүд сэтгэл дотроо дарамтанд өртөж өөрийгөө голох, нийгмээс тусгаарлах, харилцаанаас зайлсхийх зэрэг насан туршийн хар толботой үлддэг гэсэн сурагч Н.Номингийн тодорхойлолтыг УИХ-ын гишүүн Б.Баярсайхан онцолж дэлхийн бусад орны адил Монгол Улсын төр, засаг цахим орчны байдлыг анхаарч, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байгааг  хэллээ.


Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн Б.Баярсайхан, ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар, НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра болон ЦХХХЯ, БШУЯ, ХНХЯ, ХЗДХЯ, ХЭҮК, Боловсролын ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч нар, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг ТББ-уудын төлөөлөл танхимаар, аймаг, дүүргийн цагдаагийн газар, Боловсролын газрын хүүхэд хамгааллын 120 мэргэжилтэн цахимаар оролцов.

Related news