НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын асуудлаар яаралтай хуралдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-06-02 15:21:50

ТОКИО. /NHK/. НҮБ-ын Аюулгүй Зөвлөл БНАСАУ-ын тагнуулын хиймэл дагуул хөөргөх оролдлогод авах хариу арга хэмжээний талаар хэлэлцэхээр баасан гарагт яаралтай хуралдахаар болжээ.


Япон, АНУ тэргүүтэй орнууд яаралтай хуралдаан зарлахыг уриалжээ. Тэдний мэдэгдсэнээр, БНАСАУ хиймэл дагуулаа хөөргөхдөө баллистик пуужингийн технологи ашиглаж, Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн байна.


Лхагва гарагт БНАСАУ баруун хойд нутгийн Сохэ хөөргөх станцаас цэргийн тагнуулын хиймэл дагуул тээсэн пуужинг хөөргөсөн талаараа мэдэгдсэн юм. Гэвч пуужин хоёр дахь угсрааны хөдөлгүүрт доголдол гарсны улмаас хүчээ алдаж, Шар тэнгист унасан гэж уг мэдээнд дурджээ.


НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын эсрэг нэгдсэн арга хэмжээ авч чадаагүй байгаа юм. АНУ, Япон болон бусад улс БНАСАУ-ыг шүүмжилсэн мэдэгдэл гаргахыг уриалдаг бол Хятад, Орос АНУ-ыг Солонгосын хойгийн эргэн тойронд хурцадмал байдлыг улам даамжруулж байна гэж буруутгасаар иржээ. 

Related news