Туркийн ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-05-28 09:37:45

АНКАРА. /Anadolu/. Турк улсад тавдугаар сарын 14-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтад нэр дэвшигчдийн хэн нь ч санал өгсөн нийт сонгогчийн олонхын саналыг аваагүй тул хоёр дахь шатны санал хураалт өнөөдөр болно. 


Орон даяар санал авах байрууд орон нутгийн цагаар өглөөний 08:00 цагт нээгдэж, оройны 17:00 цагт хаагдана. Энэ удаагийн сонгуульд 60 сая гаруй сонгогч санал өгөх эрхтэй бөгөөд 4.9 сая сонгогч анх удаагаа саналаа өгнө. Улсын хэмжээнд 192 мянга орчим саналын хайрцаг байрлуулжээ.


Сонгуулийн хоёр дахь шатанд Туркийн одоогийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, сөрөг хүчний Бүгд найрамдах ардын намын дарга Кемал Кылычдароглу нар өрсөлдөнө. Эхний шатанд Р.Эрдоган 49.51 хувь, К.Кылычдароглу 44.88 хувийн санал тус тус авсан билээ.


Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдоган бямба гарагт ард иргэддээ хандан сонгуульд идэвхтэй оролцохыг уриалжээ. “Маргааш Туркийн агуу ялалтын төлөө саналаа өгцгөөе” гэж тэрбээр Twitter хуудсандаа нийтэлсэн байна.

Related news