АНУ-ын өрийн таазтай холбоотой шийдвэр гаргах эцсийн хугацааг хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-05-27 09:59:53

ВАШИНГТОН. /CNBC/. Баасан гарагт АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен улсын өрийн таазтай холбоотой шийдвэрийг гаргах эцсийн хугацааг зургаадугаар сарын 1-нээс 5-ны өдөр болгон хойшлуулснаар Цагаан ордон болон Конгрессын удирдлагуудад тохиролцоонд хүрэхэд илүү их цаг хугацаа гарч ирлээ.


“Хамгийн сүүлийн үеийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсний дүнд бид хэрэв Конгресс зургаадугаар сарын 5 гэхэд өрийн дээд хязгаарыг өсгөх эсвэл түдгэлзүүлэх арга хэмжээ авахгүй бол Сангийн яам Засгийн газрын үүргийг биелүүлж чадахгүй болно гэж тооцоолж байна” гэж Ж.Йеллен Конгрессын удирдлагуудад хаягласан захидалдаа тэмдэглэжээ.


Сангийн сайд даваа гарагт илгээсэн захидалдаа, Конгресс дээд дурдсанчлан холбогдох шийдвэр тохиролцоонд хүрч чадахгүй бол АНУ зургаадугаар сарын эхэн үе гэхэд, тодруулбал зургаадугаар сарын 1 гэхэд дефолт зарлахад хүрч болзошгүй хэмээн анхааруулан мэдэгдээд байсан юм.


Гэвч өрийн таазтай холбоотой шийдвэр гаргах эцсийн хугацааг зургаадугаар сарын 1-нээр товлосонтой холбоотой асуултуудыг Конгресс дахь Бүгд найрамдах намын зарим гишүүд дэвшүүлснээс гадна энэ хугацаа нь судалгааны бусад байгууллагуудын тооцоотой харьцуулахад хэдэн өдрийн өмнө байжээ.


“Өрийн таазыг өндөрсгөх эсвэл түдгэлзүүлэх шийдвэрийг “эцсийн мөч хүртэл хойшлуулах” нь бизнес эрхлэгчид, хэрэглэгчдийн итгэлийг хөсөрдүүлж, татвар төлөгчдийн хувьд богино хугацааны зээлийн өртөг нэмэгдэхээс гадна, АНУ-ын зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлж болзошгүй” гэдгийг Ж.Йеллен баасан гарагт дахин анхааруулсан байна. 

Related news