Биологийн олон янз байдлын хомсдол нүүрлэхээс сэрэмжлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-05-22 15:25:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс дэлхийн бусад улсын адил Биологийн олон янз байдлын өдрийг тэмдэглэлээ.


Дэлхийн улс орнууд "Биологийн олон янз байдлын тухай олон улсын конвенц"-ыг 1992 оны 5 дугаар сарын 22-нд баталснаар жил бүр "Олон улсын Биологийн олон янз байдлын өдөр" хэмээн тэмдэглэдэг. Монгол Улс уг конвенцод албан ёсоор нэгдсэн орсны 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож, энэ өдрийг “Хэлцлээс хэрэгжилтэд: Биологийн олон янз байдлын хамгааллыг эрчимжүүлцгээе” уриан дор тэмдэглэв.  


БОАЖЯ энэ өдрийг угтан тавдугаар сарын 16-22-нд “Биологийн олон янз байдал ба ургамал”, “Биологийн олон янз байдал ба амьтан”, “Биологийн олон янз байдал, генетик нөөц ба биоаюулгүй байдал”, “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн олон янз байдлын санхүүжилтийн механизм” сэдвээр цуврал хурал зохион байгуулав. Салбарын эрдэмтэн, судлаач мэргэжилтнүүдийн илтгэлийг хэлэлцүүлэн, манай орны амьтан, ургамал, байгаль экологи, биологийн олон янз байдлын санхүүжилт, генетик нөөц, биоаюулгүй байдлын талаар төрөөс анхаарах чиглэл, санал зөвлөмж гаргаж байна.


БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Өргөн уудам нутаг, уул ус, онгон дагшин нуур, байгалийн үзэсгэлэнт газраараа алдартай Монгол орны олон төрлийн ургамал, амьтан, ус, байгалийн нөөц нь үр хойчид энэ хэвээр үлдэх эсэх нь биднээс хамаарах цаг үед ирээд байгаа. Уур амьсгалын өөрчлөлт байгалийн экосистем, биологийн олон янз байдалд төдийгүй ХАА, МАА, газар тариалан зэрэг нийгэм, эдийн засгийн салбарт сөргөөр нөлөөлж, ган, зуд, цасан болон шороон шуурга, үер зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн эрч, давтамж улам бүр нэмэгдсэн нь цаг алдалгүй арга хэмжээ авахыг сануулж байгаа”-г онцлов.  


Тэрбээр, “Манай орны байгаль хамгаалах зардлын 44.4 хувь нь улсын төсвөөс, 55.6 хувь нь олон улсын хандив, тусламжаас бүрддэг. Биологийн олон янз байдлыг хамгаалах үйл ажиллагааны зардал 2008-2018 онд улсын төсвийн 0.35-0.79 хувь буюу ДНБ-ий 0.15-0.25 хувь байгаа нь хангалтгүй үзүүлэлт. Мөн Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос хуулийн дагуу багадаа 15-85 хувийг тухайн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах ёстой ч хангалтгүй байна. Иймд хамтаараа нэгдсэн шийдэлд хүрэхгүй бол Биологийн олон янз байдлын хомсдол Монгол оронд нүүрлэнэ” гэдгийг анхааруулж байлаа.


Манай оронд 2019-2020 онд цаг агаарын аюултай үзэгдэл 168, байгалийн гамшигт үзэгдэл 32 удаа давтагдаж, нийгэм, эдийн засагт 22.7 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ. Байгаль орчны төлөв байдлын тайланд, өнгөрсөн 70 жилд цаг агаарын дулаарал 2.5 хэмээр, нүүрсхүчлийн хийн ялгарал 16 хувиар нэмэгдэж, хур тунадас 8 хувиар багассаныг тэмдэглэжээ. Хамгийн сүүлд хийсэн "Монгол орны цөлжилтийн атлас"-т цөлжилт, газрын доройтол 76,9 хувьтай гэсэн дүн гарсан байна.


Монгол Улсын газар нутгийн 20.1 хувийг хамарсан 30.27 сая га улсын тусгай хамгаалалттай газар бий. Сүүлийн 30 жилд манай оронд 232 зүйлийн дээд мөөг, 1366 зүйлийн замаг, 81 зүйлийн хаг, 176 зүйлийн хөвд, 684 зүйлийн гуурст ургамал шинээр тэмдэглэж, ургамлын аймгийн төрөл зүйл баяжин тэлжээ. Харамсалтай нь, энэ хугацаанд 3163 гуурст ургамлын 16.2 хувь нь бэлчээрийн талхлагдал, хэт ашиглалтаас улбаалан “устах аюултай” гэж үнэлэгджээ. Мөөг болон доод ургамлын ангилал зүй, уур амьсгал, хүний ажиллагааны нөлөө, ашиглах боломжийн судалгаа 2000 оноос эрчимжээд байгаа. Тухайлбал, мөөгний зүйлийн бүрдэл 1996-2000 онд 23 зүйлээр, 2001-2005 онд 53 зүйлээр, 2006-2010 онд 46 зүйлээр, 2011-2016 онд 102 зүйлээр нэмэгджээ. Харин хөхтөн амьтны зүйлийн 23, шувууны зүйлийн 7, загасны зүйлийн 14 хувь нь амьдрах орчны хомсдол, хэт олборлолт, хулгайн ан, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн устах эрсдэлд оржээ. 



Related news