Биологийн багш “Бөх цоллоочдын улсын уралдаан”-д түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-05-22 10:05:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ноос бие даан зохион байгуулдаг, олны сонирхлыг татсан арга хэмжээний нэг нь яах аргагүй "Бөх цоллоочдын улсын уралдаан" байдаг. Энэ жил тав дахь удаагаа зохион байгуулсан “Бөх цоллоочдын улсын уралдаан”-д Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас нийт 110 гаруй хүн бүртгүүлэн оролцжээ.

 

Монгол Бөхийн өргөөнд гурван өдөр үргэлжилсэн уг уралдааныг гурван шатны шалгаруулалтаар шүүсэн юм. Тус уралдааны ерөнхий шүүгчээр МУСГЗ, Улсын начин С.Эрхэмбаяр, шүүгчээр МУАЖ, хүндэт профессор, цэргийн заан Д.Түвшинжаргал, МУГЖ, уртын дууч, улсын ахлах засуул, улсын бөх цоллогч Б.Мөнхбаатар, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, улсын харцага Д.Батболд, МҮБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэл, МҮБХ-ны менежер, улсын ахлах тайлбарлагч С.Гантөр нар ажиллалаа.

 

Өчигдөр өндөрлөсөн улсын уралдааны дүн гарахад Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат А.Хатанбаатар тэргүүн байр эзэлж, "Өргөмжлөл", нэг сая төгрөг гардсан байна. Тэрбээр нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуульд биологийн багшаар ажилладаг бөгөөд Улсын уралдаанд анх удаагаа оролцож түрүүлсэн нь энэ.


Дэд байрт Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Төв аймгийн Баян сумын харьяат, улсын засуул Э.Хүрэлбаатар, гуравт, Улаанбаатар хотын БЗД-ийн Соёлын ордны хөөмийч М.Нямдорж, дөрөвт, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын засуул Б.Булгаа, тавд, Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат, ЦДБЧ-ын дуучин Б.Мягмардорж, зургаад, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат, улсын дэд засуул Л.Анхболд нар тус тус шалгарчээ. 


Мөн Монголын засуулууд дундаас төрсөн анхны СГЗ, Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат, улсын тонж манлай засуул Дашдондогийн Цогзолын нэрэмжит шагналыг улсын уралдааны долоодугаар байрт шалгарсан Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат Н.Зоригтбаатарт МҮБХ-ны зүүн, баруун талын засуулууд гардуулсан байна.


Улсын тавдугаар уралдаанд эхний байрт шалгарсан засуулуудад Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадамд бөх цоллох эрх олгосон юм.

Related news