“Samsung” Японд судалгаа хөгжүүлэлтийн төвөө байгуулахаар судалж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-05-19 15:14:36

ТОКИО. /NHK/. БНСУ-ын “Samsung Electronics” компани Японд хагас дамжуулагчийн судалгаа хөгжүүлэлтийн төвөө байгуулахаар судалж байгаа талаараа мэдэгджээ.


Samsung”-ийн удирдлагууд Японы Ерөнхий сайд Кишида Фүмио болон олон улсын томоохон чип үйлдвэрлэгч компаниудын төлөөлөлтэй пүрэв гарагт уулзах үеэрээ энэ төлөвлөгөөнийхөө талаар дурдсан байна.


Японд дэвшилтэт хагас дамжуулагч чипний судалгаа хөгжүүлэлтийн төвийг байгуулах асуудал одоогоор яригдаж байгаа гэж төлөөлөгчид хэлжээ. Түүнчлэн дэлхийн зах зээлд томоохон байр суурь эзэлдэг Японы материал, чипний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн компаниудтай хамтарсан судалгаа хийх боломжийн талаар хэлэлцэж байгаа ажээ.


“Судалгаа хөгжүүлэлтийн төвийг Токио хотоос холгүй орших Ёкохама хотод байгуулж магадгүй байна” гэж энэ талаар мэдээлэл бүхий эх сурвалжууд мэдээлсэн байна. “Samsung” компани нь Токиод гэр ахуйн цахилгаан барааны судалгааны төвтэй юм.


Reuters” агентлагийн мэдээлснээр, “Samsung” Японд чипний шинэ судалгааны төв байгуулахад 40 тэрбум иен буюу 290 сая орчим ам.долларын хөрөнгө оруулах төлөвтэй байна. Уг мэдээнд “Samsung” төсөлдөө татаас олгох хүсэлтийг Японы Засгийн газарт тавьж магадгүй хэмээн бичжээ. Мөн Японы Аж үйлдвэрийн яам, “Хэрэв “Samsung” компаниас хүсэлт ирүүлбэл татаас хэлбэрээс тусламж үзүүлэх боломжийг судалж үзнэ” гэж мэдэгдсэн байна.


АНУ, БНХАУ-ын өрсөлдөөн улам ширүүсэж байгаа энэ үед Япон улсын хувьд эдийн засгаа дэвшилтэт хагас дамжуулагчаар тогтвортой хангах нь улам бүр чухал болоод байгаа юм. “Samsung”-ийн төлөөлөгчдийн хэлснээр, тус компани Японы компаниуд болон Засгийн газартай судалгаа хөгжүүлэлтээ сайжруулах талаар хэлэлцэж байгаа ч ямар нэгэн шийдэлд хараахан хүрээгүй байгаа ажээ. 

Related news