Боливи улс худалдаа хийхдээ юанийг ашиглахад бэлэн байгааг мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-05-12 09:05:14

ЛА-ПАС. /Reuters/. Боливи улс олон улсын худалдааны төлбөр тооцоонд юанийг ашиглахад бэлэн байгааг тус улсын  Ерөнхийлөгч Луис Арсе мэдэгджээ. Тэрбээр энэ тухай хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ Аргентин, Бразил улсууд Хятадтай хийх гүйлгээнд Азийн мөнгөн тэмдэгтийг ашиглаж байгааг дурдсан байна. 


Олон улсын худалдааны гүйлгээг, ялангуяа эрчим хүч, үр тариа зэрэг гол түүхий эдийн төлбөр тооцоог олон арван жилийн турш ам.доллароор хийсээр ирсэн билээ. 


“Бүс нутгийн хамгийн том эдийн засагтай хоёр улс Хятадтай байгуулсан гэрээнүүдэд хэдийнээ юаниар арилжаа хийж байна. Энэ хандлага бүс нутагт тогтох төлөвтэй байгаа бөгөөд Өмнөд Америкийн улсын хувьд бид ч мөн энэ чиг хандлагаас ангид байхгүй” гэж Ерөнхийлөгч Луис Арсе хэлжээ.


Өнгөрсөн сард Аргентины Засгийн газар Хятадаас импортолж буй бараа бүтээгдэхүүний төлбөрийг ам.доллароор биш юаниар хийж эхэлнэ гэдгээ зарласан бөгөөд ингэснээр Төв банкны өр барагдуулах, импортыг санхүүжүүлэхэд шаардагдах багасаж буй ам.долларын нөөцийг хамгаалах үүднээс ихээхэн ач холбогдолтой гэж мэдэгдсэн байна.


Энэ оны эхээр Хятад, Бразил улсууд юанийн клирингийг зохицуулалтыг бий болгох хэлэлцээрт гарын үсэг зурж, хоёр талын худалдаанд ам.доллар давамгайлж буйг багасгах алхам хийжээ. 


"Латин Америкт бид үргэлж АНУ-ын нөлөөн дор байсаар ирсэн... Харин өнөөдөр олон улс орон Хятадтай гадаад худалдаагаа өргөжүүлж  байна. Бүх юм өөрчлөгдөж байна" гэж Л.Арсе хэлсэн байна. 

Related news