Цагаан чулуутын овоог тахина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-09-07 20:40:52

Хөвсгөл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  2014  оны хуралдаанаар Арбулаг сумын нутаг дахь Цагаан чулуутын овоог аймгийн тахилгатай овоо болгох тогтоол гарсан байна.

Тус овоонд жил бүр хүндэтгэл үзүүлж, 4 жилд нэг удаа тахиж байхаар тогтолд тусгасан бөгөөд энэ жил намрын дунд сард багтаан тахихаар ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Д.Пүрэвдоржоор ахлуулан байгууллаа. Ажлын хэсэг хуралдан өдрөө товлон ямар арга хэмжээ зохион байгуулахаа шийдвэрлэх гэнэ.

Тус овооны ойр орчмын газар нутгийг хамгаалах, тохижуулах ажлын хүрээнд  2015  оны байгаль хамгаалах нөхөн сэргээх зардлаас 21,8 сая төгрөгийн санхүүжилтээр төрийн 7 эрдэнэ, найман тахил, алтан ганжуур, гүнгэрваа, арслан, сүүдрэвч, сангийн бойпор, сандал, явган зам гэх мэт 15 төрлийн ажлыг Их цэц брэнд компани хийж гүйцэтгэжээ.

Хотгойдын Шадар ван Чингүнжав 1757 онд Манж нарт баригдаж, Бээжинд аваачиж цаазлахад, нутгийн иргэн нууцаар түүний эрхий  хурууг тас цавчин эх нутагт нь авчирч, хадганд боож, мөнгөн хайрцагт хийж, буу сэлэмний хамт овооны газар ухан булж оршуулан дээр нь Цагаан чулуутын овоог 1760 оны үед босгосон гэдэг домог яриа байдаг ажээ. 

 Б.Гантуяа    

 

  

 

Related news