ДУНДГОВЬ: Уран бичлэгийн уралдаанд "Тэнгэрийн татлага" урлангийн сурагчид түрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-05-01 14:41:32
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. “Үндэсний бичиг үсгийн баяр-2023” үйл ажиллагааны хүрээнд Дундговь аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд “Уран бичлэгийн уралдаан” зохион байгуулж, 40 сурагч оролцов.


Монгол улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигаар жил бүрийн 5 дугаар сарын эхний 7 хоногийн “Ням” гаргийг “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдөр болгон орон даяар тэмдэглэдэг.


“Уран бичлэгийн уралдаан” нь энэхүү баярыг угтсан үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд монгол уран бичлэгийн үндэсний өвийг сэргээн хөгжүүлэх, сурталчлан таниулах, Дундговь аймгийн хүүхэд багачуудын эх хэл, бичиг соёлоо сурч судлах, хамгаалах, хөгжүүлэх, өвлөх үйл хэрэгт оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Уралдаанд оролцогчид 7-8, 9-10, 11-12 дугаар ангийн гурван төрөлд зөв бичгийн дүрэм, зохиомж, ур чадвараараа өрсөлдөж, "Цэгч билиг" сургуулийн “Тэнгэрийн татлага” монгол уран бичлэгийн урлангийн сурагчдын бүтээл тэргүүн байруудыг эзэллээ.


Тодруулбал, 7-8 дугаар ангийн төрөлд "Цэгц билиг" сургуулийн 7б ангийн сурагч Б.Ану түрүүлж, 7а ангийн сурагч М.Дунгармаа, 7б ангийн сурагч З.Тэмүгэ, Н.Цолмонбаатар нар удаалав.


9-10 дугаар ангийн төрөлд тус сургуулийн 10б ангийн сурагч Н.Дашням түрүүлж, мөн ангийн сурагч Г.Ууганбаяр, "Говийн ирээдүй" цогцолбор сургуулийн 10а сурагч Н.Ариунсувд, "Цэгц билиг" сургуулийн 9б ангийн сурагч Э.Даваацэрэн нар удаах байруудад шалгарчээ. Харин 11-12 дугаар ангийн төрөлд "Цэгц билиг" сургуулийн 12б ангийн сурагч М.Номин түрүүлж, 12 а ангийн сурагч Б.Лхам-Орлом, Б.Ундрал, 11б ангийн сурагч Х.Цээням нар удаалсан юм.


Энэ жилийн “Уран бичлэгийн уралдаан”-д тэргүүлсэн 12 сурагчийн 11 нь "Цэгц билиг" сургуулийн “Тэнгэрийн татлага” монгол уран бичлэгийн урлангийн сурагчид байна. Энэхүү урланг тус сургуулийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш М.Ганбагана удирдан явуулдаг аж.


Тэрбээр анхны сургалтаа 2021 оны 11 дүгээр сарын 11-нд зохион байгуулж, 6-7 дугаар ангийн сурагчдын дунд монгол бичгийн хичээнгүй тиг болон төмөр үзгийн бичиг, 8-12 дугаар ангийн сурагчид, багш, ажилчдын дунд том, жижиг үсгийн хосолсон сургалтыг явуулдаг.  Тус урланд явснаар сурагчид монгол бичгийг илүү сонирхон судалж, уран бичлэгийн мэдлэгээ дээшлүүлж, сэтгэл, мэдрэмжээ илэрхийлэн уран сайхан бичиж, бүтээл туурвих зэрэг өөрийн ур чадвараа нээн илрүүлэн, хөгжүүлнэ гэдгийг урлангийн багш М.Ганбагана онцоллоо.


Багш М.Ганбагана “Монголын сайхан бичигтэн-2022” улсын уралдааны мэргэжлийн багш нарын ангилалд амжилттай оролцож түрүүлсэн бол  түүний шавь М.Номин мөн тус уралдааны 12 дугаар ангийн төрөлд тэргүүн байр эзэлсэн юм. 






Related news