Г.Түвдэндорж: Хөрөнгө оруулалтын хуульд найман гол өөрчлөлт орж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-04-28 11:04:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас ирэх тавдугаар сард УИХ-д өргөн барихад бэлэн болжээ. Уг хуулийн төслийг сүүлийн хоёр жилийн хугацаанд ХЗДХЯ хариуцан, ажлын хэсэг байгуулан ажиллаж байсныг хоёр сарын өмнөөс чиг үүргийн хувьд ЭЗХЯ-нд шилжүүлээд байна. Энэ талаар ЭЗХ-ийн дэд сайд Г.Түвдэндоржоос тодруулав.

Тэрбээр, Монгол Улсын Шадар сайд болон ЭЗХ-ийн сайдын тушаалаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ажлын хэсгийг дахин байгуулж хуулийн төслийн гол гол концепц дээр ажиллаж буйг мэдээллээ. Энд 8 гол өөрчлөлт орж буйг тэрбээр мэдэгдлээ. Үүнд:

  • Хөрөнгө оруулалттай холбоотой аливаа хориг саад, хязгаарлалтыг арилгах,
  • Мөн хөрөнгө оруулалттай холбоотой Газрын тухай хуульд тусгасан асуудлыг эргэн харж, хууль эрх зүйн таатай нөхцөл бүхий орчныг бий болгон шийдвэрлэх,
  • Хөрөнгө оруулалттай холбоотой маргааныг шийдвэрлэх эрх зүйн баталгаа болон хамгаалалт бүхий зохицуулалтыг хийж өгөх зэрэг өөрчлөлтийг тусгажээ.


Манай улс Хөрөнгө оруулалтын хууль (Гадаадын хөрөнгө оруулалтын тухай)-ийг анх 1993 онд батлан гаргаж байсан юм. Түүнээс хойш уг хуульд 10 гаруй удаагийн нэмэлт өөрчлөлт оруулж иржээ. Хамгийн сүүлд 2013 онд томоохон өөрчлөлт оруулж байснаас хойш 10-аад жил болоод байна.


Хөрөнгө оруулалттай холбоотой маргаан, гомдлыг манай улсад удаан авч үздэг. Одоо мөрдөж буй хуулиар хэтэрхий бүрхэг шийдэхээс гадна төрийн яамд болон аймаг, орон нутгийн байгууллагууд өөр өөр шийдвэр гаргадаг нь эргээд хөрөнгө оруулагчдыг хохироодог.

Мөн төрийн байгууллагуудын үйл ажиллагаа ойлгомжгүй, ил тод, нээлттэй бус, хүнд суртал их гаргахаас гадна татвараас аваад хууль эрх зүйн орчин тогтворгүй байдаг. Түүнээс гадна хөрөнгө оруулагч нар арбитрт хандах боломж нь хязгаарлагдмал. Хөрөнгө оруулагчдыг залхааж цаг хугацааг нь авч, их зардал гаргадаг энэ мэт байдлыг өөрчилнө гэдгийг тэрбээр мэдэгдэж байна.


Тиймээс одоо хөрөнгө оруулагч нар арбитртай харилцах боломжийг нээж өгөх үүднээс тухайн хөрөнгө оруулагч маргаантай асуудлаар өөрийн сонгосон орны арбитрт хандаж байх талаар тусгаж буй аж. Ингэснээр эрх зүйн хувьд сонголт хийх нээлттэй боломж бололцоог гаргаж өгч байна гэв. НҮБ-ын гишүүн орнуудын хувьд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нар олон улсын шүүх, арбитрт гомдол саналаа тавихдаа өөрийн сонгосон улс орны шүүх, арбитрт хандах эрхтэй байдаг зарчимыг хэрэгжүүлнэ гэв.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Ашигт малтмалын болон Банкны тухай, ААН-ийн тухай болон Дампуурлын болон Орон нутгийн засаг захиргааны нэгжийн тухай зэрэг 23 хуульд дагаж өөрчлөлт орж шинэчлэл хийнэ, процессийн зохицуулалтууд орно гэдгийг ЭЗХ-ийн дэд сайд тодотгож байна. Ингэснээр хөрөнгө оруулалт болон бизнесийн хуулиудын суурь сайжирч, Монгол Улсад хөрөнгө оруулалт нэмэгдэнэ хэмээн үзэж буйгаа тэрбээр илэрхийллээ. 

Related news