ДУНДГОВЬ: Оюутан цэргүүд долоо хоногт хоёр өдөр хичээллэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-04-10 17:01:18
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг дахь Политехник коллежийн 5 оюутан “Оюутан цэрэг хөтөлбөр”-т хамрагдаж, 4 дүгээр сарын 8-ны өдрөөс “Цэргийн ерөнхий бэлтгэл”-ийн хичээл эхэллээ.

“Оюутан цэрэг хөтөлбөр” нь их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулан, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлэх, эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлж, улс орны батлан хамгаалах чадавхыг сайжруулан, дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангах зорилготой юм.

Энэ жил Засгийн газраас “Оюутан цэрэг” сургалтад хамрагдах оюутны тоог 1500 болгон нэмэгдүүлж, хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа явуулдаг их, дээд сургууль, коллеж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудыг элсүүлэх шийдвэр гаргаснаар тус аймгийн Политехник коллежийн оюутнууд ийнхүү цэргийн алба хаах боломжтой болжээ.

“Цэргийн ерөнхий бэлтгэл” шатны сургалтыг аймгийн Цэргийн штабын орон нутгийнн хамгаалалтын бэлтгэл, сургалтын офицер, дэд хурандаа Ц.Баттулга удирдан явуулж байна. 

Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга дэд хурандаа Ө.Баясгалан сургалтад хамрагдаж буй оюутнуудад Батлан хамгаалах хууль тогтоомжийн тухай танилцуулж, “та бүхний араас олон оюутан залуус тус сургалтад элсэн суралцах учир аймаг орон нутаг, сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж, цэргийн ерөнхий бэлтгэл шат болон цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтдаа амжилттай суралцаж албаа нэр төртэй сайн хаагаарай” гэлээ.

2023 оны 4 дүгээр сарын 8-наас эхэлсэн тус сургалт 6 дугаар сарын 3-ны өдөр хүртэл 7 хоног бүрийн бямба, ням гарагт хичээллэнэ. 

Related news