Ховдын Цагдаагийн газар Цэргийн гавьяаны одонгоор шагнууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-09-05 17:21:35

Mонгол Улсын  Ерөнхийлөгчийн 2016 оны 08-р сарын 25 ны өдрийн 120 дугаар зарлигаар 90 жилийн түүхэн замналтай Ховд аймгийн Цагдаагийн газрыг Цэргийн гавьяаны одонгоор шагнасан байна.

Ард түмнийхээ амар тайван амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэчээр зүтгэж ирсэн үе үеийн алба хаагчдын хүндэтгэн хүлээн авсан энэхүү шагналыг Mонгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Баттөр Ховд аймгийн Цагдаагийн байгууллагын 90 жилийн ойн баярын өдөр гардуулж баяр хүргэлээ. Mонгол Улсын Цагдаагийн байгууллагын түүхэнд 21 аймгаас ердөө 2-хон аймаг “одон”-той байсан бол 3 дахь аймаг нь Ховд аймаг болж байна. Энэхүү шагнал нь тус цагдаагийн газрын хамт олны хийсэн бүтээснийг үнэлэхийн зэрэгцээ Цагдаагийн байгууллагын ажлыг дэмжиж, хамтран ажиллаж ирсэн ард иргэдийн хамтын ажиллагааг үнэлсэн хүндтэй шагнал хэмээн  үе үеийн удирдлагууд бахархаж байна. Ийнхүү өнөөдрөөс эхлэн Ховд аймгийн Цагдаагийн газар нь Цэргийн гавьяаны одонт боллоо. Ховд аймгийн Цагдаагийн газар үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн баярын арга хэмжээнд Mонгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Баттөр, Ерөнхийлөгчийн тамгын газрын ажлын албаны ажилтан н.Очир, ЦЕГ-ын дарга бөгөөд дэд комиссар Ц.Ням-Очир, ЦЕГ-ын архивын дарга бригадын генерал н.Хүрэлбаатар, ЦЕГ-ын санхүү хангамжийн хэлтсийн дарга хурандаа У.Энхтөр,  аймгийн цагдаагийн газарт ажиллаж байсан үе үеийн ЦГ-ын дарга удирдлагууд болон Хэнтий, Завхан, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн ЦГ-ын дарга нар, аймгийн цагдаагийн газрын үе үеийн ахмадууд  хүрэлцэн ирж оролцлоо.

Олон ястаны өлгий болсон Ховд аймгийнхаа ард иргэдийн амар тайван амьдралын төлөө гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлсээр 9 арван жилийн түүхийг бүтээжээ. 
Энэхүү түүхийн хугацаанд Цагдаагийн байгууллагыг бүхий л талаар бэхжүүлэн хөгжүүлж, ард иргэдийн хүндэтгэлийг хүлээсэн нэр хүндтэй байгууллага болоход үе үеийн удирдлагууд, ахмад буурлууд, офицер, ахлагч, ажилтан бүрийн үүрэг их байсныг зориуд 90 жилийн ойн баярын хуралд дээр цохон тэмдэглэлээ. 

А.Бямбасүрэн

 

Related news