ХӨВСГӨЛ: Цаатан иргэдийн хүүхдээ өлгийддөг “Бөөв” буюу модон өлгий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-04-06 13:20:38

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн төв музейд Хөвсгөлд зочлох жилийн хүрээнд цаатан иргэдийн эртнээс эдэлж хэрэглэж ирсэн эд зүйлсийг дэлгэн тавьжээ.

Цаатан ардын өвөрмөц соёлоос уламжилж үлдсэн нялх хүүхдийн өлгийг “Бөөв” гэж нэрлэдэг.


Нялх хүүхдийн манцуй буюу өлгийг эртнээс хонины нэхий, эсгий, мод, даавуу үйс ашиглан хийдэг байсан бөгөөд газар газрын эрхэлж буй аж ахуй, тухайн орон нутгийн байгаль цаг уурын нөхцөлтэй тохируулан өөр, өөр материалаар хийдэг байжээ. Цаатнуудын хувьд эрс тэс уур амьсгалтай  учраас цааны арьс,  модыг ашиглан “Бөөв” буюу өлгийг хийж урцнаасаа зүүдэг бөгөөд энэ уламжлал одоо ч хэвээрээ байгаа юм. 


Мөн хоол хүнсэндээ модны ур, үйсээр хийсэн модон цар, таваг, халбага хэрэглэж иржээ. Хөвсгөлийн төв музейд цаатан иргэдийн эрт дээр үеэс эдэлж хэрэглэж ирсэн модон тогоо, хааг цана, модон өлгий, годон гутал, урц зэрэг олон зүйлс хадгалагдаж байна. 


Хөвсгөлийн их тайгад дөрвөн улирлын турш цааны бэлчээр даган нүүдэллэж аж төрдөг тайгын иргэдийг цаатан гэж нэрлэдэг. 


Цаатан иргэд Хөвсгөл аймгийн хамгийн хойд сум болох Цагааннуур сумын баруун, зүүн тайгад амьдардаг. Өнөөдрийн байдлаар Баруун зүүн тайгад 200 гаруй иргэн цаа маллан амьдарч байна. 



Related news