Гайхамшигт шидэлт Монголын багт аваргын цомыг эргүүлэн авчирлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2023-04-05 16:44:51

СИНГАПУР. /The Straits Times/. Монголын шигшээ баг Олон улсын сагсан бөмбөгийн холбооны /FIBA/ 3x3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний /АШТ/ шувтаргын тоглолтод учраа таарсан Австралийн багийг 17-12-оор хошуучилж байсан ч тоглолтын цаг дуусах дөхөхөд онооны харьцаа 18-18 болж тэнцсэн.


Гэвч FIBA”-гийн хөгжөөн дэмжигчдийн санал хураалтаар 2022 оны 3x3 сагсан бөмбөгийн шилдэг тоглогчоор шалгарч байсан Монголын од А.Ананд огтхон ч сэтгэлээр унасангүй, харин ч эсрэгээрээ 25 настай залуу гайхалтай шидэлтээрээ Сингапурын “OCBC Square” цэнгэлдэх хүрээлэнд цугласан олныг суудлаас нь өндөлзүүллээ.


Хэдийгээр Эндрю Стил А.Анандыг сандаргасан ч тэрбээр хоёр онооны шидэлтээ амжилттай гүйцэтгэхдээ алдаа авч, улмаар торгуулийн шидэлтээ оруулснаар багтаа хожлын оноог авчирч, Монголын баг 21-18 онооны харьцаагаар 2017 онд эх орондоо болсон Азийн АШТ-ий үеэр хүртсэн аваргын цолоо эргүүлэн авч чадсан юм.


3x3 сагсан бөмбөгт ойрын болон дундын зайнаас гоол оруулахад нэг оноо, шугамны гаднаас гоол оруулахад хоёр оноо авдаг. Ийнхүү аль нэг баг нь 21 оноо авсан тохиолдолд юм уу 10 минут үргэлжлэх тоглолтын төгсгөлд хамгийн олон оноо авсан баг нь хождог.


А.Ананд гайхалтай шидэлтээ гүйцэтгэж, үзэгчдийн талархлыг хүлээснийхээ дараа, “Бэлтгэлийнхээ үеэр би хэцүү шидэлтүүдийг байнга давтдаг. Ийм эгзэгтэй мөчид амжилттай гоол оруулсандаа маш их баяртай байна. Монголынхоо төлөө энэ гоолоо зориулж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.


3.4 сая хүрэхгүй хүн амтай Монгол Улс нь бокс, бөх зэрэг спортын ганцаарчилсан төрлүүдээрээ илүү танигдсан ч өдгөө 3x3 сагсан бөмбөгийн төрөлд цойлон гарч ирж байгаа бөгөөд эмэгтэй шигшээ баг нь 2021 оны Токиогийн Олимпын наадамд хүчээ сорьсон билээ.


Токиогийн Олимпод оролцсон О.Хулан болон түүний багийнхан энэ удаагийн Азийн АШТ-д шөвгийн наймын тоглолтод Хятадын багт хожигдсон ч тэрбээр 27 настай ах О.Энхбаатарыг алтан медаль хүртэхийг нь баярын нулимстай үзэж байлаа.


“Бид 18 настайгаасаа 3x3 сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн. Өмнө нь ямар нэгэн спортоор хичээллэдэггүй, хичээлээ л хийдэг байсан. Өөрийнхөө дуртай зүйлийг олоод, түүнийхээ төлөө шаргуу хөдөлмөрлөж чадвал боломжгүй зүйл байхгүй гэдгийг энэ бүхэн харуулж байна” гэж 23 настай О.Хулан ярьжээ.


Азийн АШТ-ий Үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан Д.Дэлгэрнямын хэлснээр, 2012 онд болсон Азийн элсний спортын наадмаас Монголын баг хүрэл медаль хүртсэнээс хойш 3x3 сагсан бөмбөг олны анхаарлыг татаж эхэлсэн байна. Мөн бие махбодын хувьд бид хэт өндөр бас хэт намхан биш, мөн хүчтэй, хурдан байдаг нь энэ төрөлд илүү тохирдог гэлээ.


“2017 онд гаргасан амжилтаас хойш илүү олон хүн энэ спортоор хичээллэж эхэлсэн. Бид дөрвөн финалд шалгарсан бөгөөд дөрвөн эрэгтэй, хоёр эмэгтэй гээд нийтдээ зургаан мэргэжлийн багтай болсон. Одоо 3х3 Монголын хамгийн олон үзэгчтэй спортын төрлүүдийн болоод байна” хэмээн тэрбээр ярилаа.  

Related news