Лос-Анжелесын Олимпын тэмцээний хуваарийг танилцууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-11-13 13:12:49

ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /AFP/. “Лос-Анжелес-2028” Олимпын наадмыг зохион байгуулагчдын лхагва гарагт танилцуулсан тэмцээний хуваарийн дагуу эмэгтэйчүүдийн 100 м-ийн гүйлтийн тэмцээнээр наадам эхлэхээр болжээ. Ингэснээр тэмцээний дэлгэрэнгүй хуваарийг ердийнхөөс эрт зарлалаа. 


Олимпын наадам 2028 оны долоодугаар сарын 14-нд болох нээлтийн ёслолоор эхэлж, долоодугаар сарын 30-нд болох хаалтын ёслолоор өндөрлөнө. Олимпын түүхэн дэх хамгийн том наадамд 11 200 тамирчин спортын 51 төрлөөр 49 цэнгэлдэхэд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм. Багийн спорт бүрд эрэгтэй багуудтай тэнцүү буюу түүнээс дээш тооны эмэгтэйчүүдийн баг оролцох бөгөөд нийт тамирчдын 50.5 хувь нь эмэгтэйчүүд байна.


Наадмын эхний өдөр буюу долоодугаар сарын 15-нд эмэгтэйчүүдийн төрөлд хамгийн олон финалын тоглолтууд болно. Хамгийн эхний тэмцээн нь эмэгтэйчүүдийн триатлон байх бөгөөд эмэгтэйчүүд 100 м-ийн зайд гүйснээр эхэлнэ. “Бид наадмыг гайхалтайгаар эхлүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд эхний өдрийг дэлхийн хамгийн хурдан эмэгтэй тамирчдын тэмцээнээр эхлүүлэхийг хүсэж байна” гэж “Лос-Анжелес-2028” наадмын спорт хариуцсан дарга Шана Фергюсон хэлжээ.


Зохион байгуулагчид усанд сэлэлт болон хөнгөн атлетикийн төрлүүдийг уламжлалт хуваариас өөрчилсөн тул нээлтийн ёслол болох “SoFi” цэнгэлдэх хүрээлэнд наадмын хоёр дахь долоо хоногт усанд сэлэлтийн тэмцээнүүдийг зохион байгуулах боломжтой болсон байна. Тэгвэл хөнгөн атлетикийн тэмцээн уралдаанууд наадмын эхний долоо хоногт болох бол хоёр дахь долоо хоногт усанд сэлэлтийн тэмцээнүүд явагдах ажээ.


Харин долоодугаар сарын 29-нд болох “Супер бямба гараг”-ийн тэмцээний хуваарьт 23 спортын 26 финалын тоглолт багтсан бөгөөд үүнд алт болон хүрэл медалийн төлөөх багийн 15 тоглолт, ганцаарчилсөн төрлийн 15 финалын тэмцээн багтжээ. Энэ өдөр хөнгөн атлетик, сагсан бөмбөг, элсний волейбол, бокс, крикет, гольф, хөл бөмбөг, усанд сэлэлт, теннисний аваргууд шалгарна. Харин сүүлчийн алтан медальтнууд хаалтын ёслолын өмнөхөн усанд сэлэлтийн төрлөөс тодорно.


Зохион байгуулагчид марафон гүйлтийн тэмцээнийг наадмын сүүлийн амралтын өдрүүдэд товлосноор эмэгтэйчүүдийн марафоныг долоодугаар сарын 29-нд, эрэгтэйчүүдийн тэмцээнийг долоодугаар сарын 30-нд тус тус явуулахаар болжээ. Олимпын тэмцээн уралдаануудыг үзэхэд зориулан ойролцоогоор 14 сая тасалбар худалдаалах бөгөөд үнийн дэлгэрэнгүй мэдээллийг дараа зарлах боловч динамик буюу хөдөлгөөнт үнэ нэвтрүүлэхгүй гэж Ш.Фергюсон хэлсэн байна.


АНУ даяар зохион байгуулах хөл бөмбөгийн тэмцээний дэлгэрэнгүй хуваарь болон Лос-Анжелесын Паралимпын наадмын уралдаан тэмцээнүүдийн хуваарийг мөн дараа танилцуулах ажээ. Лос-Анжелесын Олимпын тасалбарын бүртгэл нэгдүгээр сард эхэлнэ.

Related news