ДУНДГОВЬ: “Эрүүл аюулгүй-Цэвэр орчин” аяныг 9 дүгээр сар хүртэл зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-04-05 11:07:35
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гаргасан “Эрүүл аюулгүй-Цэвэр орчин” бүрдүүлэх тухай албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн БОАЖГ-аас “Эрүүл аюулгүй-Цэвэр орчин” аян зарлан хэрэгжүүлж байна.

Тус аяныг 2 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл зохион байгуулна. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж байгуулах, арчилгаа цэвэрлэгээг хариуцах үүрэг хүлээж буй.

Тиймээс “Эрүүл аюулгүй-Цэвэр орчин” аяны хүрээнд БОАЖГ-аас байгууллага, иргэн бүрд өөрийн эзэмшилд буй газар, орчныг цэвэр цэмцгэр байлгахаас гадна санаачилгаараа нийтийн эзэмшлийн талбайн хог хаягдлыг цэвэрлэн, хотынхоо өнгө үзэмжийг сайжруулахад идэвхтэй оролцохыг уриалж, аяны удирдамж боловсруулан, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хүргэжээ.



БОАЖГ, Сум дундын ойн ангийн хамт олон манлайлж аяны үйл ажиллагааг эхлэн Сайнцагаан сумын угтах, үдэх хаалга орчмын 1,5 тн хогийг цэвэрлэсэн бол үргэлжлүүлэн аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв, Сайнцагаан сумын ЗДТГ, Цагдаагийн газар, “Эрдмийн далай” цогцолбор сургууль, ХХҮГ тус аянд нэгдэж, нийтийн эзэмшлийн талбайд цэвэрлэгээ хийсэн байна.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оны “Монголд зочлох жил” болгон зарлаж, салбарын яамнаас орчны бохирдлыг бууруулах, эрүүл, аюулгүй цэвэр орчныг бүрдүүлэх зорилго бүхий албан даалгавар гарган аймаг, сумдад ийнхүү хэрэгжүүлж байгаа юм. Тус албан даалгаврын дагуу аймаг, сум бүр тухайн орон нутагтаа хог хаягдлыг бууруулах, ариун цэврийн байгууламжийг сайжруулах, ил задгай байгаа хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж, сар бүр тайлагнах үүрэг хүлээж байгаа ажээ. 



Related news