Н.Ичинноров: Монгол орны газрын гадаргууг хучсан хурдас хуримтлалыг палеонтологи судалж насыг нь тогтоодог

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
erdenebat@montsame.mn
2023-04-04 15:48:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн эртний чулуужсан ургамал, ургамлын спор тоос судлаач, доктор, дэд профессор  Н.Ичинноровтой  ярилцлаа.

-Палеонтологийн хүрээлэнг зөвхөн үлэг гүрвэл судалдаг газар гэж ойлгодог. Гэтэл энэ хүрээлэнд эртний чулуужсан ургамлыг бас судалдаг юм байна?

-Эртний чулуужсан ургамал судлал /Палеоботаник/-ын салбар өөрийн лабораторитой. Чулуужсан ургамлаас гадна, түүний үр, спор тоосонцрыг судалдаг. Хурдас чулуулгаасаа хамаараад янз бүрийн үе давхарт эртний чулуужсан ургамлын тоосонцор байх боломжтой. Тэндээс дээж авч, лабораторид химийн тодорхой арга аргачлалаар угаана. Сэвсгэр хурдсаас авсан дээж, хатуу хурдас хуримтлалтай газраас авсан дээж хоёрыг хоёр өөр аргачлалаар угаана гэсэн үг.

Эртний ургамлын спор тоосонцор нь өнөөдрийн ургамлын спор тоосонцор шиг хадгалагдан үлдсэн байдаг. Гэхдээ тэдгээр нь хүний нүдэнд харагдахгүй, хэдэн арваас хэдэн зуун микрометрээр хэмжигддэг, зөвхөн микроскоп багажаар харна. Олон сая жилийн өмнө ургаж байсан ургамлын спор тоосонцрыг одоо судалж байна гэж ойлгож болно. Ер нь нүүрсний ордуудаас эртний ургамлын олдворууд гараад байгаа юм. Яагаад гэхээр, олон сая жилээр ургамал хурдас хуримтлалд дарагдан,  хүчилтөрөгчгүй орчинд нүүрс үүсэх эх үүсвэр болж өгдөг.


-Таны гарт байгаа энэ олдвортой хайрцаг дотор "Шивээ-Овоо" гэж бичсэн байна. Тэндээс олсон юм уу?

-Шивээ-Овоогийн нүүрсний уурхайгаас олдсон эртний чулуужсан ургамал байгаа юм. Цэрдийн дээд, доод үед 145-65 сая жил багтана. Шивээ-Овоогийн нүүрсний ордоос олдсон ургамал нь доод цэрдийн дээд үе буюу 125-112 сая жилийн үед ургаж байсан гэж ойлгож болно. Үлэг гүрвэлийн амьдарч байсан ч юм уу, түүнээс хэдэн сая жилийн өмнө байсан үеийг сэргээн босгоно гэвэл чулуужсан ургамлыг заавал судлах ёстойОдоо үед Хөвсгөлийн ой тайга, Дорнодын тал хээрт, говийн бүсэд өөр өөр төрлийн ургамал ургаж байна. Түүнтэй адилхан олон сая жилийн өмнө газар зүйн байрлал, орчноосоо шалтгаалан өөр өөр ургамал ургаж байсан хэмээн жишээ болгон хэлж байна. Эртний чулуужсан ургамал, үр, спор тоосонцрыг судалснаар тухайн үед тал хээр, говь, хангайн бүсэд ямар төрлийн ургамал ургаж байж вэ гэдгийг тодорхойлно. Түүнчлэн эртний ургамлыг судалснаар тухайн цаг үеийн уур амьсгалыг халуун, дулаан, чийглэг, хүйтэн сэрүүн, хуурай бүс нутаг байсан гэх мэтчилэн тогтооно.


-Палеонтологийн хүрээлэнгийн эртний ургамал судлаач хүний нөөцийн талаар болон чулуужсан ургамлын сан хөмрөгт одоогийн байдлаар хичнээн төрлийн ургамлын олдвор хадгалагдаж байна вэ?

-Монголд эртний чулуужсан ургамал сайн судлагдаагүй байна. Дэлхий нийтэд түгж, брэнд болсон үлэг гүрвэлийн судалгаатай жишиж үзэхэд шүү. Ургамлын асар олон төрөл зүйл байна. Тэднийг судлах хүний нөөцийн боломж одоогоор хангалтгүй байгаа. Хүрээлэнд эртний ургамал судалдаг гурван доктор, хоёр магистр, нэг бакалавр гээд одоогоор таван хүн бий. Нарийн мэргэжлийн хувьд ярихаар гурван докторын нэг нь доод ургамал буюу хаарын замаг судалдаг. Нэг  доктор, нэг магистр нь макро ургамал, нэг доктор нэг магистр ургамлын спор тоос, шинээр нэг залуу ажилтныг ургамлын судалгаагаар бэлтгэж байна. Би болохоор эртний ургамлын үр, спор тоосонцор судалдагМонгол орон нь эртний ургамлын олдвороор маш баялаг учир доор хаяж геологийн галав болгоноор ургамлын судалгааг явуулах шаардлагатай байгаа учир бидэнд боловсон хүчин дутагдаж байна гэсэн үг. Одоогийн байдлаар ч бидэнд цуглуулж бий болгосон нилээд материал байгаа учраас судлагдаж хараахан амжаагүй гэж хэлдгийн учир энэ юм. Гэхдээ бидний өөрсдийн болон хамтарсан гадаадын мэргэжил нэгт эрдэмтэн судлаачдын хамтын хүчээр Төв Азийн хэмжээний эртний ургамлын төрөл зүйлүүдийн судалгаа сайн хийгдэж байгаа. Энэ салбар цаашдаа маш их ирээдүйтэй. Ургамлын сан хөмрөгт судлагдсан, олон нийтэд хэвлүүлж нийтлүүлсэн нилээд материалыг хадгалж эхлээд байна.


-Хүнд их танил болохоор үлэг гүрвэл рүү л ороод байна. Үлэг гүрвэлийн олдворыг байгаль өөрөө ил болгодог. Байгалийн өөрийнх нь бий болгосон том том цавуудаас олдог гэж мэргэжлийн судлаач хэлсэн байх юм билээ. Эртний чулуужсан ургамлын олдворыг ямар хэлбэрээр эрж хайж олдог юм бэ?

-Палеонтологи өөрөө харьцуулах шинжлэх ухаан. Тийм учраас өмнөх судлаачдын бүтээлтэй маш сайн харьцуулна. Хадгалагдах орчин их чухал байдаг. Эртний чулуужсан ургамал ямар хурдас хуримтлалд хадгалагдах вэ гэдэг чухал, мэдээж гүний чулуулагт эртний ургамал, амьтны үлдэгдэл хадгалагдаж үлдэхгүй. Ихэвчлэн органик нэгдэл агуулсан хурдсаас гардаг. Ялангуяа занар, нүүрсний уурхайн сав газруудаас олдвор их  гарна.

                          

                           Эртний хуурай газрын ургамал дэлхийд 400 гаруй сая жилийн өмнө олдсон гэж үздэг 

-Монголд ийм төрлийн олдвор их хэмжээгээр олдох, бүс нутаг засаг захиргааны нэгжийг нэрлэх боломж байх уу?

-Монгол орны хэмжээнд нилээд их нутаг дэвсгэрээс ургамлын үлдвэр олдсон байдаг. Ялангуяа нүүрс, занар, газрын тос агуулсан Өмнөговь, Дундговь, Дорноговь, Дорнод, Баянхонгор, Төв аймаг гээд томоохон нүүрс занар агуулсан газруудаас ургамал, тэдгээрийн үр, спор тоосонцрыг илрүүлсээр байна. Тэвшийн говийн нүүрсний ордоос өмнө нь хаанаас ч илэрч байгаагүй ургамлын үр олсон. Энэ ургамлын талаар өгүүлэл бичиж, олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн. Мөн Шивээ-Овоо болон Тэвшийн говийн хурдсаас эртний шилмүүст модны ургамлын төрлийн хоёр, гурван зүйлийг нээсэн. Шинэ амьтан, ургамал нээх бүртээ олон улсын сэтгүүлээр дамжуулан танилцуулж, хүлээн зөвшөөрүүлэх шаардлагатай байдаг. Олон улсын судлаачдын судалсан зүйлтэй харьцуулаад, өмнө нь тогтоогдож байгаагүй бол манай улсын шинэ олдворыг хүлээн зөвшөөрнө. Тэвшийн говь, Шивээ-Овоогийн ордуудаас олдсон эртний ургамал, үрийн 2 шинэ төрөл, 3 зүйл нь одоогоор дээрх зарчмын дагуу хүлээн зөвшөөрөгдөж, олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлэгдсэн байгаа.


Ер нь дэлхийд эртний хуурай газрын ургамал 400 гаруй сая жилийн өмнө буюу силүрийн үед олдсон гэж үздэг. Монгол оронд эх газрын ургамал судлагдсан байдлаас девоны цаг үеэс үүссэн гэж үздэг. Энэ цаг үеийн ургамлаас шивлээ, ринийн бүлгийнхэн, мөн псилопитын бүлгийнхэн багахан хэмжээгээр олдож тодорхойлогдсон байдаг.

Геологийн цаг тооллын девоноос карбоны цаг үед ерөнхийдөө шивлээгийн бүлгийнхнээс лепидофитын төлөөллүүд болох аварга том модлог хайрст ургамлын үлдвэрүүд, тэдгээрээс гадна үе иштэн, анхны ойм хэлбэртнүүд, мөн анхны шилмүүст модны зарим төрөл зүйл олдсон байдаг.  Модлог ургамлууд нь 30 м хүртэл өндөртэй байсан гэж үздэг. Карбоны галаваас том модлог ургамалд хамаарагдах кордаитын бүлгийнхэн бий болсон ба пермийн үед голлох ургамлын төлөөллүүд нь ойм хэлбэртэн ба кордаитууд болсон нь манай орны томоохон нүүрсний орд болох Тавантолгойн ордын хурдсаас дээрх ургамлын үлдвэрүүд ихээр олдон судлагдсан байдаг. Энэ цаг үеийн болон тус ордоос олддог ургамлын судалгааг манай палеоботаникийн салбарын судлаач, доктор Л.Уранбилэг хийж, нилээд бүтээлийг хэвлүүлэн гаргасан байдаг.


-Нүүрсний орд газруудаас эртний ургамлын олдворууд олддог юм байна. Монгол орны эртний ургамлын анхны олдворыг хаанаас олов. Түүний насыг яаж тогтоосон байх вэ?

-Монгол орноос геологийн цаг үеийн тооллоор 300 сая жилийн өмнөх буюу Девоны эх газрын ринийн бүлгийн ургамлын олдвор олдсон гэж ярьдаг. Манай орны төв хэсгийн писоли пид гэдэг юмуу, эсвэл шивлээгийн, дендорогийн төрлийн эртний ургамал олдсон байдаг. Карбон пермийн гээд ярихаар 300-250 сая жил болно. Тавантолгой бол 265- 280 орчим сая жилийн настай. Энэ дээр бол яг нэг оноосон нас хэлдэггүй. Заавал алслалт авч хэлнэ. Тэр үед бол тухайн бүс нутагт сахлаг модлог ургамал ургаж байсан байна. Ургамлаас навч, иш зэрэг нь л чулуужиж хадгалагдсан байдаг. Мөн ургамлын спор тоосонцор  нь хадгалагдан үлддэг.


-Эртний ургамал чулуужих, нүүрс бий болох процесс хоорондоо ямар уялдаа холбоотой байдаг гэж судлаачид үздэг юм бэ?

-Нүүрсний орд газрыг түшиглэсэн эртний ургамлын судалгаа бол түүний геологийн насыг тогтооно. Хөвсгөл аймагт байдаг Могойн гол, бидний сайн мэддэг Шарын гол, Цагаан овоо, Хөөтийн нүүрсний орд газрын эртний ургамлын спор тоосонцрыг  судалж насыг нь тогтоосон. Эдгээр ордууд нь Юрийн цаг үед буюу 180-160 сая жилийн өмнө бий болсон байгаа байхгүй юу. Энэ үед тухайн бүс нутагт шилмүүст мод зонхилсон ойн сан бүрдэж байжээ. Эртний чулуужсан ургамал нүүрсний дундах шаварлаг үеэс их олдоно. Энэ бол бидний олдвор эрж хайх газрыг бидэнд хэлж өгөөд байна гэж ойлгож болно. Ингэж энэ судалгааны үр дүн гардаг.


-Эртний чулуужсан ургамал нь одоо байгальд ургаж байгаа ургамалтай нэр төрөл, бүтэц, хэлбэрийн хувьд ямар нэг хэлхээ, холбоо байх уу?

-Ургамал амьд организм учраас эволюц хөгжлөөр явагдана. Эхнийх нь мөхөж байхад, дараагийн үе нь илүү хөгжиж гарч ирнэ. Энэ бол зүй тогтол. Бидний ярьж байгаа эртний ургамлын зарим нэг нь үлддэг. Шинэ шинэ төрөл зүйл болон өөрчлөгдөн гарч ирсэн байна. Эдгээр нь орчноос их хамаардаг. Ургамлын нэг хэсэг нь халуунд тэсвэргүй байхад, нөгөө хэсэг нь хүйтэнд тэсвэргүй байна. Юри болонЦэрдийн үед байсан шилмүүст мод одоогийнхоор бол нарс, царсны эртний овгууд байгаа. Овог бол том хэлбэр шүү дээ. Гэхдээ төрөл зүйл, бүтцийн хувьд өөрчлөгдсөн байдаг. Тэр 100 гаруй сая жилийнхтэй ижилхэн мод гэж бол одоо байхгүй. Бид тэр үеийг судлаад, ийм мод ургаж байсан байна гэж хэлдэг. Тэгвэл одоо гадаад, дотоод анатом бүтцийг нь судлах болсон. АНУ-тай хамтран палеоботаникийн 3 үе шаттай төслийг 2010 оноос хойш хэрэгжүүлсэн. Шивээ-Овоо, Тэвшийн говиос олдсон маш сайн хадгалалттай эртний чулуужсан ургамлын үрийн үлдэгдлийг манай улсад байхгүй өндөр мэдрэмжтэй тоног төхөөрөмж электрон, микроскоп дээр авч очиж, хамтарсан судалгаа хийсэн. Манай орноос олдсон олдворыг гадаадын лабораторид хамтран судлаад, хэвлүүлэн нийтлүүлдэг. Монгол орноос уг олдвор олдсон тул хаана ч, ямар ч нарийн судалгаа хийсэн манай сан хөмрөгт данс бүртгэлтэй байдаг.


-Таны ярианд эртний ургамлын төрөл шинээр тогтоосон тухай гарлаа. Түүнийгээ илүү тодорхой болгох уу?

-Шилмүүст модны эртний чулуужсан ургамлын үрийн хоёр төрлийн 3 зүйлийн олдворыг Шивээ-Овоо, Тэвшийн говийн ордуудаас олж боловсруулалт хийсний дараа АНУ-ын Чикагогийн ботаникийн хүрээлэнгийн лабораторид одоо ургаж байгаа нарс төрлийн модтой харьцуулсан судалгаа хийж, шинэ төрөл зүйл болохыг нь тогтоосон юм. Тэнд бидний хамран ажилладаг эрдэмтэн, доктор судлаачид байдаг тул бидэнд ийм боломж олдсон юм. Тэндээс харахад 100 гаруй сая жилийн өмнө ургаж байсан модны зарим нэг элемент өнөөдрийн модонд хадгалагдаж ирсэн болох нь харагдсан юм. Эртний болон орчин үеийн ургамлын үрийн бүтцийг харьцуулан, мөн морфологи болон эволюцийн судалгааг хийсэн. 100 гаруй сая жилийн өмнө ургаж байсан шилмүүст модны нэг шинэ төрөл зүйл Монголоос анх удаа олдсон гэж үзсэн л дээ.


-Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон үлэг гүрвэлийн чулуужсан ясны нас 100 сая жилийн хүрээнд яригдах юм. Гэтэл таны ярьж байгаа эртний ургамлын чулуужсан олдворын нас 300-400 сая жилээр яригдаад байна. Манайд эртний чулуужсан ургамал судлал хэзээнээс бий болсон юм бэ?

-Нүүрс, газрын тосны эрэл хайгуул 1960-аад оны төгсгөл, 1970 онд идэвхэжсэн. Энэ үеэс л эртний ургамлын судалгаа хийж эхэлсэн гэж ойлгодог. Энэ үеэс хурдас чулуулгийг нь тогтоох үүднээс эртний ургамлыг судалсан байдаг. Манай орны эртний чулуужсан ургамлын судалгааг ЗХУ /ОХУ/-ын судлаачид хийсэн шүү дээ. ЗХУ-ын Шинжлэх ухааны академийн Геологийн хүрээлэнгээс Дуранте гэдэг эрдэмтэн ирсэн байдаг юм. Энэ хүн бол жинхэнэ эртний чулуужсан ургамал судлаач хүн байсан. Монголын талаас тухайн үед ЗХУ-аас ирж байсан эртний ургамал судлаач эрдэмтэдтэй ажиллаж байсан хүн бол Ж.Содов гэдэг мэргэжилтэн. Тэр хүн бол Геологийн салбарт ажиллаж байсан юм. Москвагийн Их сургуулийг 1982 онд төгсөж ирээд би Геологийн төв лабораторид гүйцэтгэгч инженерээр ажиллаж байсан. Геологийн салбарт 1990 он хүртэл ажилласан байгаа. Москвагийн Их сургуулийг ургамал судлаачаар 1985 онд төгсөж ирээд Л.Уранбилэг доктор геологид ажилласан. Тэр үед зураглалын ажлынхнаас геологийн дээж дотор эртний ургамлууд чулуужсан байдлаар их ирдэг байсан юм. Түүний хурдас хуримтлалыг тодорхойлох хэрэгтэй болно. Шинжлэх ухааны академид эртний ургамал судлаач байхгүй. Ингэж үйлдвэрлэлийн зорилгоор эртний ургамлыг судалж эхэлсэн байна. Палеонтологийн хүрээлэнгийн бүтцэд эртний чулуужсан ургамал судлалын бүтэц 1990-ээд оноос орж ирсэн. Харин 2000 оноос хойш одоогийн байдлаар бие даасан салбар болоод хөгжөөд иржээ. 


                    Геологийн 100, 200, 300 сая жилийн насжилтыг палеонтологийн олдворыг үндэслэж тодорхойлно 

-Геологийн салбараас л эртний ургамал судлал эхэлсэн гэх ойлголт гараад ирлээ. Тэгээд та нар яагаад палеонтологийн хүрээлэнгийнхэн болоод явчихсан юм бэ?

-Геологи одоо зогсонги байдалд орчихоод байна. Дорнодын, Мөрөнгийн, Дарханы экспедицүүд гэх зэрэг тэр үед асар том геологийн анги нэгжүүд байлаа. Геологи эрчимтэй хөгжиж байжээ. Монгол орны газрын гадаргууг хучсан хурдас хуримтлалыг судалж, насыг нь тогтоох болдог. Түүнийг палеонтологи судална. Геологи, палеонтологигүйгээр газрын зураглал хийх боломжгүй. Геологийн 100, 200, 300 сая жилийн насжилтыг тогтоохдоо палеонтологийн олдворыг үндэслэж тодорхойлно. Ийм учиртай. Тэр үед Палеонтологийн төв геологийн хүрээлэнд харьяалагдаж байсан. Харин 1990 онд бүтцийн өөрчлөлт хийх болоход эртний чулуужсан ургамал судлаач энэ хүрээлэнд байгаагүй. Хүний нөөц багатай учраас биднийг палеонтологийн хүрээлэнд нэгтгэх шийдвэр гарсан юм шиг байгаа юм. Тэр үеэс лабораторид ажиллаж байсан Ж.Содов, Л.Уранбилэг, Л.Гэрэлцэцэг нар Палеонтологийн төвд шилжиж, тэр үед би Монгол-Японы хамтарсан “Жайка"-гийн төсөлд ажиллаж байсан тул төслийнхөө ажлын шаардлагаар үлдэж, ажиллаж байгаад 2001 онд хүрээлэнд ирээд үндсэн багтаа ажиллаж байна.


-Шинжилгээ судалгааны салбарт гадаадын төсөл хөтөлбөр их хэрэгжих юм. Гаднын хөрөнгө мөнгөөр судалгаа хийж байгаа монгол судлаачдыг би ойлгож байна. Хөрөнгө мөнгө, зарцуулсан, тухайлбал “Жайка” байгууллагынханд хамтын судалгаа ямар сэтгэгдэл үлдээдэг юм бол?

-Урд нь “Жайка”-д хамтран ажиллаж байсан Японы эрдэмтэн судлаач нартайгаа холбоо тогтоон эртний ургамал, спор, тоосонцрын 2-3 төсөл хэрэгжүүлсэн байгаа. Одоо энэ тооны төсөл хэрэгжээд явж байна. Монгол орны өнөөгийн нөхцөлд Шинжлэх ухаан технологийн сангаас ганц нэгхэн төсөл бид авна. Тэр нь судалгаанд хүрдэггүй. Ялангуяа хээрийн судалгаанд мөнгө маш ховор олдоно. Гэтэл бидний гол ажил хээрийн судалгаа хийх, олдворуудаа цуглуулах, боловсруулах гэх мэт. Ийм учраас судлаачид төсөл бичээд гаднынхантай хамтарч ажилладаг. Төслийн хүрээнд судалгаа хийхдээ шинэ залуу үеэ дадлага хийлгэж сургаж авч байна. Төслийн хэрэгжүүлэх хугацаанд судалгааны материалтай болдог. Шинжлэх ухааны бүтээлтэй болно. Төслийг санхүүжүүлж байгаа талын судлаачдын хувьд Монгол орноос олдож байгаа эртний ургамал, түүний үр, тоосонцрын хадгалалт маш сайн байдаг нь тэднийг бидэнтэй ажиллах урмыг сэргээж байна. Тэр судлаач нарын хувьд хэвлүүлсэн бүтээл нь чухал юм аа. Ийм учраас төсөл хэрэгжүүлсэн хоёр талд хэн хэнд нь сайхан сэтгэгдэл үлдээдэг. Гаднаас төсөл бичээд дэмжлэг авах нь хамтын ажиллагааны хамгийн сайн хэлбэр байхгүй юу.


-Эртний ургамлын олдворт боловсруулалт хийж шинэ төрөл болохыг нь тогтоолоо. Судалж тогтоосон шинэ төрлийн судалгааны материал олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлд хэвлэгдэж байж хүлээн зөвшөөрөгддөг тухай та хэллээ. Ямар хэлээр нийтлэх ёстой байдаг юм бэ?

-Эртний ургамлын бүх нэр томъёо латинаар байдаг. Нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн бүтээл хэвлэдэг “PLOS one”, “New Phytologist”, Systematic Palaeontology”, “Botany”, “Acta Palaeobotanica” зэрэг сэтгүүл англи хэлээр гардаг. Түүнд зориулж судалгааны бүтээлээ заавал англи хэлээр бичнэ. Ийм болохоор эртний ургамал судлалын хэл нь англи хэл байдаг онцлогтой. Түүнд л тохируулна, өөр гарц байхгүй.


-Геологид палеонтологийн судалгаа шаардлагатай байсан учраас геологичид палеонтологид татагдсан тухай таны ярианд гараад байна. Тэгвэл палеонтологид ямар зүйл дутагдаж геологийн салбар татагдан ордог юм бол?

-Кали, аргоны гэдэг ч юм уу, үнэмлэхүй наснуудыг тогтоодог арга геологид бий. Тэдгээрийг тогтоох техник, технологийн боломжууд одоохондоо манайд байхгүй. Бусад оронд асар өндөр өртгөөр хийнэ. Нэг дээжийн үнэмлэхүй насыг тогтооно гэхэд хэдэн зуун ам.доллароор ярина. Тийм учраас ихэнх тохиолдолд амьтан ургамлыг судалж, чулуулгийн геологийн насыг тогтоохоос өөр арга байхгүй. Палеонтолог өөрөө геологитой бас холбоотой. Геологийн шинжлэх ухаан нь давхарлан болон үелэн тогтсон хурдас хуримтлалуудын дэс дараалал, үүсэж хөгжсөн үе шатыг тогтоох шаардлагатай байдаг. Тэгэхээр тэр хуримтлагдаж тогтсон элсэн чулуу, шавар, нүүрсний хурдсаас юу гарав гэдэг нь бидэнд бас хэрэгтэй.


-Эртний ургамлын олдвор овор хэмжээний хувьд ямар олддог юм бол. Түүнд боловсруулалт хийхийн тулд одоо хэдэн хүн ажилладаг вэ?

-Ургамлын олдворын овор хэмжээг хэлэхэд хэцүү, олон сая жилээр дарагдчихсан болохоор авч цуглуулахад нилээд бэрхшээлтэй. Зарим нэг олдвор маш хатуу чулуулагт байхад, нөгөө хэсэг нь маш хэврэг амархан бутардаг чулуулагт хадгалагдан үлдсэн байх жишээтэй. Амьтан ургамлыг илрүүлэхэд ямар хурдсанд ихээр хадгалагдан үлддэгээсээ их шалтгаална. Онолын болон олон жилийн туршлагаас ерөнхийдөө тийм амьтан, тийм ургамал иймэрхүү хурдсанд хадгалагддаг гэсэн мэдлэг мэдрэмж байдаг. Ургамлын хувьд нүүрс занар агуулсан хурдсанд ихээр хадгалагдан үлдсэн байдаг гэж би дээр ярьсан даа. Миний судалгаа хийсэн Шивээ-Овоо, Тэвшийн говь, Шаазангийн говь зэрэг цэрдийн насны хурдсаас маш сайхан ургамал болон спор тоосонцрын олдворууд олдсон. Овор хэмжээний хувьд бүтэн ургамал олддог боловч бүүр том талбайгаар авахад хүндрэлтэй. Ер нь том хавтгай байдлаар үе давхаргыг нь тогтоож эрж хайх учиртай л даа. Тэгэхээр том хавтгай хэлбэрээр хайх тоног төхөөрөмж бидэнд байхгүй. Эдийн засгийн хувьд одоохондоо хязгаарлагдмал байх юм. Тийм учраас ширээний тавцангийн хэмжээний эртний ургамлын чулуужсан олдвор манай орноос өнөөдрийн байдлаар олдоогүй байна. Палеонтологийн хүрээлэнгийн захирлаар олон жил ажилласан академич Р.Барсболд "Ийчкаа, эртний ургамлын нэг сайхан том олдвор олох юмсан” гэж ярьдаг. Дэлхий нийтэд хавтгай том хэмжээний олдвор олдсон тохиолдол бий. Тухайн орнууд том олдворуудаа музейд байрлуулсан байдаг. Тийм том олдвор олохын тулд машин, тоног төхөөрөмж, хүний нөөц бидэнд хэрэгтэй байна л даа.


-Шивээ-Овоогоос олдсон энэ олдвор хүний алганы дайтай байна. Түүнээс том эртний ургамлын олдвор байна уу л гэж асуугаад байгаа юм?

-Хааш хаашаа 50 см орчим хэмжээтэй олдворууд бий. Бид олдворыг гаргаж аваад газар дээр нь тэмдэглэл үйлддэг. Түүнийг номерлон, зөөлөн цаасаар ороогоод, гялгар уутанд хийгээд, босоогоор нь хайрцагт хийж, тээвэрлэлтэд аль болох гэмтэж, хагалж бутлахгүйгээр зөөвөрлөж хээрээс авчирна. Түүнийгээ лабораторид авчирч, боловсруулалт цэвэрлэгээ хийж, тодорхойлолт хийнэ. Дээжийг боловсруулан, тодорхойлж, сан хөмрөгт хүлээлгэн өгдөг. Ургамлын зэрэгцээ, спор тоосонцрын дээжээ мөн аваад явна. Ургамлын хувьд бол нүдэнд харагддаг навч, иш зэрэг байгаа болохоор дээжлэлт хийхэд асуудалгүй, харин спор тоосонцрын хувьд нүдэнд үл үзэгдэх тул тиймэрхүү хурдсанд ихэвчлэн байдаг гэсэн онолын болон туршлагын үүднээс дээж авдаг.


Ийм болохоор чулуулаг бүрээс спор тоосонцрын дээж авахгүй, байх боломжтой гэсэн чулуулгаасаа л авдаг. Гэхдээ тоосонцор нүдэнд харагдахгүй учраас 200 грамм шороо л авч ирнэ гэсэн үг. Түүнд байдаг. Спор тоосонцрын шинжилгээ нь ямар ашигтай вэ гэхээр, ямар ч палеонтологийн олдвор байхгүй хурдсын геологийн насыг тогтоох хэрэгтэй болдог. Зарим хурдсын геологийн нас нь маргаантай, эсвэл өөр настай байх магадлалтай байдаг учраас ийм төрлийн шинжилгээ хийх нь илүү үр дүн өгдөгтэй холбоотой юм. Хээрээс авсан шороон дээжээ лабораторид химийн хүчил шүлтээр тодорхой аргачлалаар угаагаад, микроскопоор харахад яг өнөөдрийнх шиг эртний ургамлын спор тоосонцор гарч ирнэ. Түүгээр нь бид тэр цаг үед ургаж байсан ургамал болохыг нь гаргаж, геологийн нас тогтоодог. Мөн дээр хэлсэнчлэн тухайн ургамлын спор тоосоор  чийглэг, дулаан,  хуурай уур амьсгалтай байв уу, эсвэл говь, цөл, хээрийн бүс байв уу гэхчлэн  орчныг тодорхойлдог. Түүний жинхэнэ шүүлтүүр болдог.        

                                                                                                                                              Гэрэл зургуудыг Н.Батбаяр

Related news