ХОВД: "Их Алтай" олон улсын аялал жуулчлал-спортын наадам 8 дугаар сард болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-03-29 15:44:43

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд  аймаг  "Их Алтай" олон улсын  аялал жуулчлал-спортын  наадмыг  8 дугаар сарын хоёр дахь долоо хоногт 4 өдрийн турш зохион байгуулахаар болжээ.
  
  

Тус наадмын зорилго нь  "Алтай-бидний нийтийн гэр" олон улсын зохицуулах зөвлөлийн гишүүн бүс нутгууд болох Монгол, ОХУ, БНКазУ, БНХАУ-ын хил дамнасан хамтын ажиллагааны түншлэлийг  өргөжүүлэх,  авто уралдаан,  уулын авиралт, гүйлт зэрэг спортын 9 төрлийг хөгжүүлэх, туршлага солилцоход чиглэнэ.  

Наадамд  Монгол, ОХУ, БНКазУ, БНХАУ гэсэн 4 улсын төлөөлөл, баг тамирчид оролцох бөгөөд наадмын үндсэн үйл ажиллагаа Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн нутгаар дамжин өрнөх аж.   

“Их Алтай” аялал жуулчлал-спортын наадам нь “Алтай бид бүгдийн орон гэр” олон улсын хөтөлбөрийн хүрээнд хоёр жил тутамд Их Алтайн нурууг дамнан орших улс орнуудын нутаг дэвсгэрт ээлжлэн болдгоороо онцлогтой.

Тухайлбал, 2013 онд Монгол Улсын баруун хязгаар Ховд аймгийн нутаг дахь Шижигтэйн хавцалд, 2015 онд БНХАУ-ын Шинжаан Уйгарын ӨЗО-ны Алтай аймгийн нутаг дэвсгэр Хөх тохойд, 2017 онд Дорнод Казакстаны нутаг дэвсгэрт, 2019 онд ОХУ-ын Алтайн хязгаарт зохион байгуулсан аж.  


Сүүлийн жилүүдэд улс орнууд аялал жуулчлалын буюу адал явдалт экстрем спортыг хөгжүүлэх асуудалд анхаарч ажиллаж буй.

Related news