ДОРНОГОВЬ: Алтан төлийн эздэд шагнал гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-03-28 13:33:11

Сайхандулаан /МОНЦАМЭ/. Мал сүргийн тоон үзүүлэлт, чанар болон шинэ залуу малчдыг бэлтгэх, малаа эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа менежмент зэргийг харгалзан ХХААХҮЯ, МҮОНРТ- ээс "Алтан төлийн эзэн" шагналын эзнийг жил бүр тодруулдаг уламжлалтай.

"Алтан хурганы эзэн"-ээр тодорсон Сайхандулаан сумын малчин: Г.Сүрэнхор, Х.Батсайхан, Айраг сумын малчин Г.Оюунбаатар, Даланжаргалан сумын малчин Б.Эрдэнэжаргал нарт шагналыг өнгөрсөн долоо хоногт албаныхан гардуулав.  

Сайхандулаан сумын мянгат малчин Г.Сүрэнхор 2022 онд 1800 гаруй толгой мал тоолуулж мал сүргээ таван төрлөөр нь өсгөсөн байна. Сүүлийн гурван жилийн турш орон нутгийнхаа мал цөөтэй иргэдийг малжуулахад зориулж 500 гаруй толгой малыг өгсөн байна.

Тэрбээр 500 эм хониноос 510 хурга бойжуулж алтан хурганы эзнээр шалгарсан юм. Сүрэнхор 15 жил мал маллаж 2018 онд сумын мянгат малчин, 2022 онд сумын аварга малчин өрхөөр шалгарч байжээ. Хониныхоо үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр идэвх санаачилга гарган ажиллаж, Хэнтий, Дорнод аймгаас сайн үүлдрийн хуц ухна авчирч сүрэгтээ нийлүүлснээр ашиг шим сайтай, бие том малтай болсон гэж тэрбээр хуучилсан юм.  

Related news