АРХАНГАЙ: "Архангай 100" соёлын бүтээлч үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн дэлгэлээ

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2023-03-27 15:05:54

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/Архангай аймгийн Цэцэрлэг хотноо “Архангай-100 Соёлын хөгжил” форум болж байна. Орон нутгийн соёлын салбарын тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, орон нутгийн онцлогийг тусгасан хөгжлийн гарцыг тодорхойлох зорилготой юм.


Форумд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Соёлын яам, аймгийн удирдлагууд, Соёл урлагийн газар, сумдын Соёлын төв, ХДТ, Музей, Номын сан, Гэрэл зурагчдын холбоо, Зураач урчуудын холбоо, соёлын бүтээлч үйлдвэрлэгчид, өвлөн уламжлагчид зэрэг албаны болон соёлын салбарын төлөөлөл 250 гаруй хүн оролцож байна.


“Архангай-100 Соёлын хөгжил” форумын үеэр “Архангай 100” соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн аймгийн ЗДТГ-ын хурлын шилэн танхимд гарч байна.


Үзэсгэлэнд сум бүрээс 2-3 өвлөн уламжлагчид Архангай нутгийн брэнд болсон өөрсдийн бүтээгдэхүүнүүдийг дэлгэн танилцуулсан. Тухайлбал, сүүн хурууд, сав баглаа бүхий шар тос, ааруул, бэлгийн багц, суран эдлэл, эмээл болон модон сийлбэр, лаа, эсгий, торгон эдлэл, зүү ороох оёдлоор оёсон даалин, хөгжмийн зэмсэг, түүний өвлөн уламжлагчид, уран бичлэг, фото зургийн үзэсгэлэн гээд нэр төрөл олон үзэсгэлэн гаргасан байна.


Одоогийн байдлаар хэлэлцүүлэг үргэлжилж байна.