ХОВД: Эрүүл зохистой хооллож, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж хэвшихийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-03-24 15:58:03

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд аймагт өнөөдөр “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяны нээлтийн үйл ажиллагаа боллоо.   


Эрүүл мэндийн яамнаас хүн амын дунд зонхилон тохиолдох өвчлөлөөс сэргийлэх, эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, иргэдэд эрүүл зөв дадал хэвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр 2023 онд 6 чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн.
Үүний нэг бол эрүүл зөв зохистой хооллолт, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг дэмжих, илүүдэл жин, таргалалтыг бууруулах зорилготой  "Энэ жилдээ эрүүл жиндээ" аян юм.

Ховд аймагт зохион байгуулсан тус аяны нээлтэд албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл 200 гаруй хүн оролцлоо.    


Хүн амын дунд зонхилон тохиолдож буй халдварт бус өвчин үүсэх эрсдэлт хүчин зүйлийн 70 хувь нь буруу хооллолт, 30 хувь нь хөдөлгөөний идэвхгүй байдалтай холбоотой. Үүнээс шалтгаалан хүн амын дунд чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, зүрх судасны өвчин, хавдар, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин нэмэгдэж байна.



5 хүүхэд тутмын 4 нь өдөр бүрийн чихрийн хэрэглээг хэтрүүлэн хэрэглэдэг 

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар 2022 оны тавдугаар сарын 1-нээс хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, шинжилгээг эхэлж 10 сарын хугацаанд улсын хэмжээнд нийт хүн амын 26.7 хувь буюу 900 гаруй мянган хүнийг хамруулаад байна.  

  

Ховд аймгийн хэмжээнд нийт хүн амын 22.5 хувь буюу 20700 хүнийг эрт илрүүлэг үзлэгт хамруулжээ. Эрт илрүүлгийн дүнгээр насанд хүрэгчдийн дунд хоол боловсруулах, амьсгал, зүрх судас, хавдар, дотоод шүүрэл болон бодисын солилцооны өвчлөл тэргүүлэх шалтгаан болж байна. 

 

Мөн 17 хүртэлх насны хүүхдийн 61.5 хувьд нь шүд цооролт илэрч, хүүхдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болжээ. Өөрөөр хэлбэл, 5 хүүхэд тутмын 4 нь өдөр бүрийн чихрийн хэрэглээг хэтрүүлэн хэрэглэдэг, хүн амын 41.8 хувь нь өдөр бүр хийжүүлсэн ундаа уудаг, 38.5 хувь нь өглөөний цайгаа тогтмол уудаггүй зэрэг амьдралын буруу хэв маяг нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болоод байна.   

               
Өсвөр, залуу үеийнхэн болон хүүхдүүдийн дунд таргалалт нэмэгджээ  

Иргэдийн дунд илүүдэл жин, таргалалт сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж, тархалт нь бүс нутаг, амьжиргааны түвшнийг үл харгалзан бүх насны хүн ам тэр дундаа залуус, хүүхдийг илүү хамарч байна. 


Судалгаагаар 15-69 насны хүн амын 31 хувь нь илүүдэл жинтэй, 15.5 хувь нь таргалалттай, 35-69 насны 10 хүн тутмын 6 нь илүүдэл жин, таргалалттай байна.

Таргалалт нь удамшлын болон дааврын шалтгаантай байж болох ч 90-95 хувь нь амьдралын буруу хэв маягаас шалтгаалдаг.

Мөн 15-69 насны хүн амын 21.9 хувь нь хөдөлгөөний хомсдолтой, идэвхгүй суугаа байдалд хоногт дунджаар 3 цаг зарцуулдаг. 52.4 хувь нь ажлын байрандаа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй гэсэн судалгаа гарсан байна.

Монгол Улсын нийт хүн амын 4 хувь нь эрүүл хүн ам байна. Үүнийг 10 хувьд хүргэх зорилго тавьж, "Энэ жилдээ эрүүл жиндээ" аяныг хэрэгжүүлж эхэлсэн тухай эмч нар хэллээ.

Аяны  хүрээнд цаашид (2023 оны 3-5 дугаар сард) эрүүл зохистой хооллолтын ач холбогдол, өглөөний цайнаас эрүүл мэнд эхэлнэ, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, биеийн жингийн индэксээ тодорхойлох, илчлэг тооцох арга, эрүүл бус хүнсний хэрэглээ, хүнсний аюулгүй байдал чиглэлээр сургалтыг эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх аж.  


Мөн аяны хүрээнд өглөөний алхалт, аэробикээр хичээлье, ажлын байрны дасгал, хийн дасгал хийж эрүүлжье, түмэн дасгал челленжид нэгдэх  аян өдөрлөг, сайн туршлагыг түгээх  зэрэг ажлыг төлөвлөжээ. 

Иргэд “Энэ жилдээ эрүүл жиндээ" аянд нэгдэж эрүүл зохистой хооллож, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж хэвшихийг мэргэжилтнүүд уриаллаа.    

Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлж, тархалтыг бууруулснаар өвчлөл, нас баралт, хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдлыг 50 хүртэлх хувиар бууруулах боломжтой.


Мөн хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгон хэрэглэж, архины хэрэглээг багасган, тамхинаас татгалзан биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж, амьдралын туршид биеийн тамир, дасгал хөдөлгөөнийг эрхэмлэж чадвал зүрх судасны өвчин, тархины харвалт,  чихрийн шижин өвчнийг 80 хувь, хорт хавдрыг 40 хувиар бууруулж болох аж. 


Related news