ОРХОН: Гамшгийн эрсдэлийг бууруулахад эмэгтэйчүүдийн манлайлал чухлыг онцлов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр /МОНЦАМЭ/. Орхон
аймгийн ИТХ, ЗДТГ, Улаан Загалмайн хороо хамтран “Эрсдэлийг бууруулахад орон
нутгийн эмэгтэйчүүдийн манлайлал” зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөн Оролцъё, Нөлөөлье, Хэвшүүлье уриан дор болсон
бөгөөд Хөвсгөл, Сэлэнгэ, Булган,
Дархан-Уул, Орхон аймгийн 250 гаруй эмэгтэй оролцсон юм.
Дээрх зөвлөгөөнөөр гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн
дараах тусламж үйлчилгээ үзүүлэх анхан шатны мэдлэг, дадлыг олголоо. Мөн байгаль эхээ хамгаалахад өдөр тутмын
амьдралдаа хэрэгжүүлж болохуйц арга, туршлагыг заасан юм.
Зөвлөгөөний зорилго нь эмэгтэйчүүдээр дамжуулан өрх гэрийн гишүүд гамшгаас хамгаалах
мэдээлэлтэй болох, дадлыг бий болгож чадна гэж үзжээ. Мөн орон нутаг, бүс
нутгийн хэмжээнд нөлөөлөх чадвартай гэж тооцсон байна. Иймд гамшгаас хамгаалах,
урьдчилан сэргийлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо нэн чухал гэдгийг онцолж байлаа.
Ташрамд дурдахад, Монголын Улаан Загалмайн нийгэмлэг аливаа гамшиг, осол, олныг хамарсан гоц халдварт өвчний үед нэмэлт хүч болж ажилладаг хүмүүнлэгийн байгууллага юм. Орхон аймгийн Улаан Загалмайн хороо нь 40 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд гамшгийн бэлэн байдал, эрүүл мэнд, нийгмийн халамж, хүүхэд залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд аймгийнхаа иргэдэд сургалт, сурталчилгааг тогтмол явуулдаг.