ЗАВХАН: Төрийн албаны шалгалтын бүртгэлийг сарын турш хүлээн авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-03-16 15:41:39

Улиастай/МОНЦАМЭ/. Тус аймагт төрийн албаны нөөц бүрдүүлэх зорилго бүхий ерөнхий шалгалтад 143 иргэн оролцож байна.

Төрийн албаны ерөнхий шалгалтыг найм дахь удаагаа буюу тав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн шалгалтыг 2023 оны 03-р сарын 16-ний өдөр дөрвөн ээлжээр зохион байгуулж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Өнөөдөр нэгдүгээр ээлжийн шалгалтад 30 иргэн орсноос 13 иргэн тэнцжээ.

Төрийн албаны шалгалтын бүртгэлийг орон даяар зарлаж, бүртгэлийг нэг сарын турш цахим хуудсаар дамжуулан хүлээн авсан.

Ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөл, ерөнхий шалгалтын үед салбар зөвлөлд туслах чиг үүрэг бүхий ажлын хэсэг хамтран зохион байгуулж байна.

Шалгалтад орж буй иргэд хурууны хээгээр бүртгэлээ баталгаажуулж, шалгалт эхлэхээс 15 минутын өмнө суудлаа эзэлсэн. Мөн шалгалтын үйл явцыг сонирхсон иргэд хянах боломжийг бүрдүүлж, Нутгийн удирдлагын ордны нэгдүгээр давхарт хяналтын дэлгэц байрлуулж ажиллаж байна.

Төрийн албаны шалгалтыг жилд дөрвөн удаа буюу улиралд нэг удаа зохион байгуулдаг болсон нь иргэдэд маш их боломжийг олгосон. Тухайн жилд аль нэг улиралд бүртгүүлсэн иргэд шалгалтдаа оролцох боломжтой юм.

Төрийн албаны шалгалтыг гурван төрлийн буюу, нэгдүгээрт, хууль эрх зүйн мэдлэг шалгах. Мэдээллийн технологийн мэдлэг шалгах, түүх нийгмийн тухай мэдлэг шалгах 55 асуулт бүхий 60 минутын шалгалт. Монгол хэл бичгийн мэдлэг шалгах, дүн шинжилгээ хийх 20 минутын шалгалт гээд нийт шалгалтын үргэлжлэх хугацаа хоёр цаг орчим байдаг гэж Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлөөс мэдээлэв. 

Related news