ДАРХАН-УУЛ: Сургуулиудад суурилуулсан “Итгэлтэй утас”-ны төлбөрийг Дархан сумын ЗДТГ хариуцна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-03-16 15:25:47

Дархан /МОНЦАМЭ/. “Хүүхэд хамгааллын жил”-ийн хүрээнд сурагчдыг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх аюулгүй байдлыг хангах, гэр бүлийн гишүүнтэйгээ үнэгүй ярих боломжийг олгох зорилгоор өнгөрсөн онд Дархан сумын дөрөвдүгээр сургуульд “Итгэлтэй утас”-ыг суурилуулсан.

Энэхүү ажлыг өргөжүүлж, жигд хүртээмжтэй байлгах үүднээс Дархан сумын 12 сургуульд тус утсыг байрлуулж өнөөдөр нээлтээ хийлээ.  Монголын цахилгаан холбоо ХК-тай хамтран хэрэгжүүлж буй уг итгэлт утас Дархан сумын төрийн өмчийн бүх ЕБС-д суурилуулсан бол цаашид хувийн хэвшлийн сургуулиудтай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа аж.




Итгэлтэй утсаар нэг удаа хоёр минут хүртэлх хугацаанд ярих боломжтой аж. Уг хугацаанд хүүхэд гэр бүлийн гишүүдтэйгээ ярьж мэдээлэл өгөх боломжтой хугацаа гэж үзсэн бөгөөд бүх сүлжээнд ярих боломжтой ажээ. Мөн 7080.... дугаараас дуудлага ирсэн тохиолдолд ямар ч тохиолдолд хүлээн авч байхыг уриалж байна. Энэ нь сургуулиудад суурилуулсан итгэлтэй утасны дугаар аж.




Улсын хэмжээнд 70 гаруй итгэлтэй утас байгаа бөгөөд үүний 12 нь Дархан суманд байна. Дөрөвдүгээр сургуульд суурилуулсан итгэлтэй утасны сарын дундаж хэрэглээ 1000 минут байсан аж. Үүнээс улбаалж нэг сургуулийн сурагчид сард дунджаар 1000-1500 минут ярих тооцоолол гарчээ. Харин утасны сарын хэрэглээний хязгаар нь 2000-2500 минут аж. Сууурин утасны нэг сарын төлбөрийн дээд хязгаарыг 100.0 төгрөгөөр тогтоосон бол жилд дунджаар 10-15 сая төгрөгийн зардал гарахаар тусгагдаж, үүнийг Дархан сумын ЗДТГ бүрэн хариуцахаар болжээ.



Сургуулиудад суурилуулсан утасны аппаратны нийт өртөг 700 мянган төгрөг бөгөөд холболтын хураамж бусад зардлыг Монголын цахилгаан холбоо ХК болон сургуулийн захиргаа хариуцан ажиллажээ.

Сургуулиудад итгэлтэй утсыг сууриулуулахдаа утасны гадаад өнгө үзэмжийг сонирхолтой байдлаар хийж, хүүхэд багачуудын үзэх дуртай хүүхэлдэйн киноны баатруудаар дүрсэлж өгсөн нь сурагчдад сонирхолтой байлаа.



Хүүхдүүд гар утас хэрэглэдэг ч нэгжгүй, утасны цэнэг дуусах тохиолдол байнга тулгардаг тул итгэлтэй утсаар гэр бүлийнхэнтэй холбогдож анги нь тарсан эсэх талаарх мэдээллээ өгөх боломж бүрдэж байгаа аж. Нөгөөтэйгүүр хүүхдийг гараас гарт хүлээлгэн өгөх боломжийг илүү ойртуулж байна гэж багш нар онцолж байна.

Ирэх дөрөвдүгээр сараас Орхон, Шарын гол сумын сургуулиудад итгэлтэй утсыг байрлуулахаар ажиллаж байна гэж Дархан-Уул аймгийн Холбооны газрын захирал С.Баяраа мэдэгдлээ.

Related news