ДАРХАН-УУЛ: Б.Нандин-Эрдэнэ: Захиалагчийн хүсэлтээр цор ганц, дахин давтагдашгүй гутал хийхийг хүсдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-03-16 10:44:28

Дархан /МОНЦАМЭ/. Үндэсний үйлдвэрлэл тэр дундаа жижиг, дунд бизнесийг хөгжүүлж буй залуусын төлөөлөл Б.Нандин-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа. Ажлыг хар, бор гэж ялгалгүйгээр олон салбарт ажиллаж байсан тэрбээр эхнэрийн хамт гутлын цех байгуулахаар анхны гутлаа гэртээ үйлдвэрлэж байсан бол өдгөө Дархандаа танигдахын хэрээр үйлдвэрийн байраа барьж байгаа ажээ.

Аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн бойжигчоор дөрвөн жил болсон бөгөөд энэ жилээс бие даан үйлдвэрлэлээ эрхлэхээр болсон байна. Тиймээс өөрийн үүсгэн байгуулсан "Нандин" брэндийн гутлын үзэсгэлэн, худалдааг ЖДҮД төвийн үзэсгэлэнгийн танхимд гаргаж байна. Эхнэрийн хамтаар эхлүүлсэн өрхийн үйлдвэрлэл нь өдий зэрэгт хүрсэн амжилт нь Дарханыхан, худалдан авагчид хэмээн даруухан ярих түүний мөрөөдөл захиалагчийн өгсөн цор ганц Нандин брэндийн гутал үйлдвэрлэх гэж байлаа. Удахгүй мөрөөдөл минь биелж хүн бүрд өөрийнх нь хүссэн загвар хийцийн цор ганц гутал хийхээр үйлдвэрлэлээ өргөжүүлж байна гэв.

 

-Юуны өмнө өөрийгөө уншигчдад танилцуулаач?

-Намайг Б.Нандин-Эрдэнэ гэдэг. Дархан сумын иргэн. Нандин брэндийн үүсгэн байгуулагч. Захиалгаар бүх төрлийн гоёлын гутал үйлдвэрлэдэг.


 


-Хэзээнээс гутал үйлдвэрлэж эхэлсэн бэ?

-Миний  хувьд олон төрлийн ажил хийж байсан. Яг эзэмшсэн мэргэжил гэх зүйлгүй ч ажил голж үзээгүй. Гутал хийх санаа анх "Дархан нэхий" ХК-д ажиллаж байхаас эхэлсэн. Тухайн компанид хэсэг ажиллаад дараа нь гутлын хэд хэдэн цехэд ажиллаж туршлагатай болсон. Тэгээд өөрөө ер нь бие дааж гутал хийж үзье гэж шийдээд 2017 онд эхнэрээрээ зээл авахуулаад эхэлж байсан. Бие даасан, өөрсдийн гэсэн бизнес эрхэлж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх үүднээс авсан зээлээрээ нэг оёдлын машин, нэг үнэлгээний машин зэрэг хэрэгтэй зүйлээ авч байсан. Гутал хийх байр байхгүй учраас хашаандаа эхлүүлж байлаа.

Манай оёдлын цехийг эхнэр маань хариуцдаг. Гутлын бүх оёдлыг эхнэр маань хийж би уллагаагаа хариуцаад тус тусынхаа үүргийг гүйцэтгэдэг. Нэг дор байдаг хэрнээ бараг хоёр цех гэх үү дээ. /Инээв/ Би уллагаа хийдэг, эхнэр гутлын оёдол гээд бүгдийг хийдэг.

 

-Эхнэр тань ямар мэргэжилтэй вэ?

-Оёдолчин мэргэжилтэй. Бид хоёр чинь хоёулаа "Дархан нэхий" ХК-д ажиллаж байсан. Эхнэр маань тус компанид олон жил гутлын оёдолчноор ажилласан болохоор технологио сайн мэддэг. Үйлдвэрлэлд маань ах дүү нар тусална, мөн нэг оёдолчинтой, удахгүй нэг эсгүүрчин ажилд авна.



-Одоо үйлдвэрлэлээ хаана явуулдаг вэ? Хэчнээн төрлийн гутал хийдэг вэ?

-Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн байранд үйлдвэрлэлээ явуулдаг. Анх эхлүүлэхдээ хашаандаа зуны улиралд гутлаа хийж байсан. Өвөл болсон чинь дулаан газар хийх хэрэгтэй болсон. Тэгээд хамгийн түрүүнд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв маань намайг хүлээж авсан. Үйлдвэрлэл жигдэртэл эндээ дэмжээд бойжуулж өгье гээд. Түрээсийн хөнгөлөлттэй, хамгийн анх нэг жижигхэн өрөөнд л эхэлж байсан бол аажим аажмаар томруулсан.

Одоогоор 13-14 төрлийн гутал үйлдвэрлэж байна. Хүүхдийн өвөл, зун намар, хаврын гутал. Мөн насанд хүрэгчдийн бүх гутлууд. Дотор нь ангилбал гоёлын ботинк, тимберланд загварын гутлууд, орос хийцийн хром, ажлын гутал зэргийг үйлдвэрлэж байна. Үйлчлүүлэгчид маань бэлэн гутал худалдан авахаас гадна цех дээр ирээд өөрийнхөө хөлний онцлогт тохирсон загвар хийцийн гутал хийлгэх боломжтой. Хөнгөн үйлдвэрүүд хамтран ажиллах санал тавьж, ажлын буюу нормын гутал олноор үйлдвэрлэн нийлүүлж байна.


-Хамгийн анх ямар гутал хийж байсан бэ?

-Анхны юм бүхэн сайхан. Алдаатай ч бай, оноотой ч бай хүн бүхэнд л дурсамжтай байдаг. Миний хувьд анх хром хийж байсан. Энэ гутлаараа дагнаад хэсэг үйлдвэрлэсэн. Үндэсний баяр болох наадам, цагаан сараар худалдан авалт, эрэлттэй болдог. Хоёр жил орчим хром хийж байгаад ботинк, хүүхдийн гутал хийж байсан. Одоо бүх төрлийн гутлыг бүх насныханд зориулан хийж байна.




Мөн манайх урд өмнө нь бие даасан үзэсгэлэн худалдаа ганцаарчилж гаргаж байгаагүй. Байршлаа солих гэж байгаа болохоор танилцуулгаа сайн хийх, нөгөөтэйгүүр бидний гаргасан брэндийг таниагүй, мэдээгүй олон хүн бий. Дарханыхан төдийгүй бусад аймгийн иргэдэд танилцуулах зорилготой. Өмнө нь аймаг, орон нутгаас зохион байгуулдаг цагаан сарын болон хавар, намрын нэгдсэн үзэсгэлэн худалдаанд оролцож байсан.

 


-Бусдаас ялгарах давуу талыг хэрэглэгчид илүүд чухалчилдаг. Онцлог, чанарын тухайд?

-Тэр хамгийн чухал асуудал. Бид жил ирэх бүр суралцаж байна. Алдаагүй зүйл гэж байдаггүй. Зарим жижиг алдаа байдаг. Тэр бүрийг хэрэглэгч, үйлчлүүлэгчид маань хэлж зөвлөдөг болохоор засч, сайжруулаад явдаг. Урд өмнөх жилүүдэд ганц хоёр алдаа дутагдал гарч байсныг худалдан авагчид маань хэлж зөвлөсний үндсэн дээр бид сайжруулсан. Сүүлийн жил гомдол, санал ирээгүй. Ер нь төгс зүйл, төгс шийдэл гэж байдаггүй. Төгс болгохын тулд ямар ч үйлдвэрлэл, технологио сайжруулдаг. Түүнтэй ижил манай цех ч гэсэн жил бүр сайжруулаад л явж байна. Өөрөө, өөрөөсөө суралцаад, чанаржуулаад л хийдэг дээ.

Онцлох зүйл гэвэл бид урд хөршийн гутлыг муу гэсэн хэрнээ өмсөөд л байдаг. Чийг татлаа л гэдэг. Нэгэнт худалдаж аваад өмссөн бол буцаах эрхгүй байдаг. Харин манайх өмнө нь гомдол санал гаргасан хүмүүсдээ засвар, шинэчлэлийг хийгээд явуулдаг. Дотоодын үйлдвэрлэлдээ манайхан заримдаа ширүүдээд, дээрэлхэх гэдэг ч юмуу тийм зүйл ажиглагддаг байсан. Хэрвээ захаас эсвэл дэлгүүрээс авсан тэд тэгж чадахгүй байх л даа. 



Хүмүүс гутал авахдаа гутлын улыг нь шалгаад байдаг. Шалгах нь зөв л дөө. Гэхдээ дотор хийц нь ямар байна гэдгийг сайтар шалгах хэрэгтэй. Цаасан, картонон улавчтай гутлууд чийг татдаг. Манайх цэвэр ширээр хийдэг болохоор чийг татах асуудалгүй. Бас гутлын гадна арьс уллагаандаа 2-3 см илүү орсон болохоор хажуу талаараа ханзрах, салах зүйлгүй. Үйлдвэрийн наалт хийхээс гадна давхар оёдог болохоор давуу талтай. Хавар, намар, зуны гутлыг шууд өмсөх боломжтой. Улавч дэвсэх шаардлагагүй. Өвлийн гутлыг нэхий доторлогоо монгол эсгийгээр улавч дэвсээд хийдэг. Мөн нумтай улавч бас захиалгаар үйлдвэрлэдэг.

 


-Гутлынхаа түүхий эд, материалыг хаанаас авдаг вэ?

-Дотоодын түүхий эдийг худалдан авдаг. Мөн загвар хийц, технологиос хамаарч ОХУ, БНХАУ-аас түүхий эд авдаг. Жишээ нь "Дархан нэхий" ХК-иас өвлийн гутлынхаа нэхий, шир, Оросоос хромон гутлын бэлдэц, Хятадаас сайн гэсэн гутлын материалыг авдаг. Яг нэг тогтсон газраас авах боломжгүй байдаг. Учир нь тухайн гутлын технологи хийцээс шалтгаалдаг болохоор олон газраас л түүхий эд, бусад зүйлээ цуглуулдаг. Бүтээгдэхүүний эцсийн чанар шалгагч нь үйлдвэрлэгчид бус хэрэглэгчид л байдаг. Тиймээс манай гутлыг худалдан авч, хэрэглээд үзээрэй гэж хэлмээр байна. Бид аль болох сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг л зорьж байгаа учраас бидэнд худалдан авагчаа хуурах, чанаргүй зүйл хийх сэтгэл байдаггүй. Хүний хөлд эвтэйхэн, чанартай, удаан эдэлгээтэй гутал хийхийг л зорьж энэ үйлдвэрлэлээ эхлүүлсэн.


 

-Үйлдвэрлэлээ өргөжүүлж өөрийн гэсэн байртай болох гэж байгаа гэсэн. Хэзээнээс өөрийн байрандаа үйлдвэрлэлээ явуулж эхлэх вэ?

-Аливаа бизнес өргөжин тэлэх ёстой. Бизнесийн тэрхүү хуулиар л үйлдвэрлэлээ өргөжүүлж, өөрийн гэсэн байртай болох гэж байгаа. Дархан сумын 15 дугаар баг, есдүгээр хэсэгт өөрийн үйлдвэрлэлийн байраа барьж байгаа. Энэ жилдээ багтаад өөрсдийн байрандаа орно. Наана нь хийх зүйл их байна. Одоо байгаа газар маань их өгөөжтэй, биднийг өдий зэрэгтэй болоход их тус, нэмэр болсон.

Бид өөрсдийн байртай болчихвол үйлдвэрлэлээ өргөжүүлж, тоног төхөөрөмжөө сайжруулах зорилготой байгаа. Тоног төхөөрөмж шинэчлэгдэнэ гэдэг технологи сайжирна гэсэн үг. Мөн ажиллах хүчин нэмэгдэнэ. Нийгмийн хариуцлагын хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлж иргэдийг тогтмол ажилтай, орлоготой болгоход бид бага ч болов хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

 

 

-Сард хэдэн гутал үйлдвэрлэх боломжтой вэ?

-Эхэндээ цөөхөн гутал хийдэг байсан. Энэ өвөл гэхэд 1000 ширхэг өвлийн гутал үйлдвэрлэсэн. Жил болгон л нэмэгдэнэ. Ирэх жил 1500-г үйлдвэрлэх гэдэг ч юм уу. Энэ жишгээр л нэмэгдээд байна. Үйлдвэрлэл маань өргөжиж тоног төхөөрөмж сайжрах тусам гарц маань ахиад л явна. Сүүлийн үед олон ажилтантай байгууллагууд хамтран ажиллах санал ирсээр байгаа. Жишээ нь "Улаанбаатар гурил" ХХК нормын гутлын захиалга өгсөн. Тэгэхээр жилд үйлдвэрлэх гутлын хувьд нарийн тоо гаргах боломжгүй ч жил бүр л нэмэгдэнэ.



 

-Үнийн тухайд хэдэн төгрөгөөр худалддаг вэ?

-Манай гутлын үнэ 120.0-300.0 төгрөгийн хооронд бий. Загвар хийц, улирлын байдлаас шалтгаалаад үнэ янз бүр байдаг. Зарим хүмүүс үнэтэй байдаг гэдэг бол зарим нь боломжийн үнэтэй гээд авдаг. Ер нь түүхий эд, материалын үнэ болон үнийн өсөлтийг дагаад жилд бага зэргээр нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн шиг сар, улирал бүр огцом нэмэгдэхгүй шүү дээ. Түүхий эдээ дотоод, гадаадаас авдаг болохоор тэд үнэ нэмбэл бид өртгөө шингээхээс өөр аргагүйд хүрнэ. Чийг татдаг, үнэн худал нь мэдэгдэхгүй брэндийн нэртэй хулхи гутлыг бодвол үнэ боломжийн, эдэлгээ сайн гэж худалдан авагчид маань урмын үг хэлдэг.

 

-Цаашидын зорилго? Мэдээж анх гутал хийж эхлэхэд холын зорилго, тэмүүлэлтэй л байсан байх?

-Дархан-Уул аймагт төвтэй "Нандин" брэндийн гутлыг 21 аймаг, 330 суманд худалддаг, хүн бүрд хүрсэн үндэсний үйлдвэрлэгч болохыг зорьж байна. Гэхдээ энэ бүх зүйлд хүрэхэд асар их хөрөнгө, хүч орох нь ойлгомжтой. Санаж явахад бүтнэ гэдэг шүү дээ. Томоор сэтгэж, холыг харж байж л амжилтыг өөртөө дөхүүлнэ.

Миний мөрөөдөл гэвэл тухайн нэг захиалагч буюу хэрэглэгчийн хүсэлтээр дахин давтагдашгүй, цор ганц загварын гутал хийхийг хүсдэг. Тэр гутлыг өмссөн хүнээс хаана хийлгэсэн, хаанаас авсан гутал вэ? гээд хүмүүс асуухад нь "Нандин" брэндийн Б.Нандин-Эрдэнээр цор ганц хийлгэсэн гээд ярихыг нь удахгүй сонсож өөртөө илүү урам, зориг, эрч хүч авна гэдэгт итгэдэг дээ. Удахгүй энэ маань биелнэ гэдэгт эхнэр бид хоёр итгэл дүүрэн байдаг.


-Ярилцсанд баярлалаа. Таны бизнест амжилт хүсье.

-Танд болон танай хамт олонд ажлын амжилт хүсье. Биднийг зорин ирсэнд баярлалаа.

 





Related news