ЗАВХАН: Хонины 2970 ширхэг нэхийний гарал үүслийг баталгаажуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-03-15 16:05:44

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймаг мал эмнэлгийн нэгдсэн системд 1284 ширхэг малын эрүүл мэнд гарал үүслийн гэрчилгээг бичиж баталгаажуулжээ.

Үүнээс тэмээ 36, адуу 2413, үхэр 1323, хонь 14832, ямаа 2679 нийт 21283 амьд малыг баталгаажуулжээ. Харин малын махны хувьд тэмээний 10720 кг, адууны 4410 кг, үхрийн 106943 кг, хонины 301743 кг, ямааны 164262 кг нийт 588078 кг махыг гарал үүслийн баталгаажуулалтад оруулж гэрчилгээжүүлжээ. Мөн үхрийн шир 136, хонины нэхий 2970, ямааны арьс 936 ширхэгийг тус тус гарал үүслийн баталгаажуулалт хийсэн байна.

Ер нь мал, амьтны эрүүл мэндийн түүхийг мөшгөх тогтолцоог боловсронгуй болгосон нь мал эмнэлгийн нэгдсэн системийг хөгжүүлж, мэдээллийн технологийн ололт амжилтыг энэ салбарын өдөр тутмын ажилд шингээж чадсан. Ингэснээр хүн амыг аюулгүй хүнсээр хангах, ялангуяа малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх. Малын гаралтай бүтээгдэхүүний гадаад, дотоод зах зээл дээр өрсөлдөх чадварыг сайжруулах, үнэ цэнийг өсгөх. Малчдын орлогыг нэмж амьжиргааг сайжруулахад ч эерэг нөлөөтэй байгаа гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.


Манай улсад мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, малын генетик нөөцийн тухай хууль 2017 оноос хэрэгжиж, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Ногоон алт малын эрүүл мэнд” төслөөр “Мал эмнэлэг гэрчилгээ”-г  цахимжуулан, хянах системийг 2019 оноос орон даяар хэрэгжүүлж эхэлжээ.


Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7.4.2-т, “нийтийг хамарсан арга хэмжээнд оролцуулах, хээлтүүлэгт ашиглах, худалдах, төхөөрөх зорилгоор мал, амьтныг сум,  дүүргийн нутаг дэвсгэрээс гаргахдаа мал эмнэлгийн улсын байцаагчаас мал эмнэлгийн гэрчилгээ авч бүртгүүлэх тухай” хуульчлан заажээ. 

Өмнө нь мал эмнэлгийн эмч нар, багийн дарга нар нь мал эмнэлэг ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээ олгохдоо бүртгэл судалгаа байхгүй. Мөнгөний баримт хэлбэрээр бичдэг байсан нь шилжилт хөдөлгөөн хийх, мал төхөөрөх гарал үүслийг тогтоож эрүүл хүнс бэлтгэж, түгээх, хяналт тавихад хүндрэлтэй байсныг дээрх системд цогцоор нь оруулж өгсөн байдаг.


Мал эмнэлгийн гэрчилгээ нь зөвшөөрөл олгосон малын эмчийн нэр, малчны нэр хаяг, малын нас, зүс, хүйс, хүрэх газрын мэдээлэл зэргийг харах боломжтой тул хүнсний эрүүл ахуй, аюулгүй талаас болон малын хулгайгаас урьдчилан сэргийлэх хяналт тавихад тохиромжтой аж.


Түүнчлэн малын “бар” кодоор дамжуулан дэлгүүр, зах, худалдааны төвөөр худалдаалж байгаа махны гарал үүслийн талаарх мэдээллийг иргэд хэзээ ч харах давуу талтай ажээ.

 

Related news