ХОВД: Гар бөмбөгийн тэмцээнд баруун таван аймгийн 150 гаруй тамирчин оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-03-14 09:20:28

Жаргалант /МОНЦАМЭ/. Баруун бүсийн Идэрчүүдийн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Ховд аймагт болж байна.


Гар бөмбөгийн спортыг хөгжүүлэх, сурталчлан таниулах, туршлага солилцох, залуу тамирчныг бэлтгэн гаргах зорилтын дагуу энэхүү тэмцээн өрнөж буй.


Монголын гар бөмбөгийн холбооны нэрэмжит 2023 оны Баруун бүсийн Идэрчүүдийн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-16-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилнэ.

Баруун таван аймгийн идэрчүүдийн эрэгтэй, эмэгтэй 12 багийн 150 гаруй тамчирчин оролцож, 84 багц медалийн төлөө хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.  

Монголын гар бөмбөгийн холбоо болон Ховд аймгийн ЗДТГ,  БТСГ, Гар бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж байгаа уг тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Тэмцээний эхний гурван байрт шалгарсан баг тамирчид гуравдугаар сарын 27-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Хэнтий аймагт болох “Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах  волейболын тэмцээн”-д оролцох эрхтэй болох аж.


Энэ тэмцээнийг 1973 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Баруун бүсийн тэмцээн нь Ховд аймагт 4 дэх удаагаа болж байгаагаараа онцлогтой.

Бүсийн тэмцээнд Ховд аймгийн эрэгтэй баг 2013 оноос хойш тасралтгүй алтан медаль, эмэгтэй баг мөнгө, хүрэл медаль хүртсэн түүхтэй.

Харин 2019 оны Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнээс Ховд аймгийн эмэгтэй баг тамирчид анх удаагаа алтан медаль авч байсан.  

Related news