Аймгийн орлогч дарга хадлангийн бүс нутгийн сумдад ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-09-02 11:54:51

Ховд аймгийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Батсүх болон ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Бат-Очир, ХХАА-н асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Пүрэвсүрэн нар Буянт, Дөргөн, Мянгад зэрэг хадлангийн бүс нутагт ажиллав.

Буянт сум  Ховд аймгийн хадлан тэжээлийн 60 орчим хувийг хангаад зогсохгүй зэргэлдээ аймгууд руу өвс нийлүүлдэг байсан бол энэ жил үер  усны түвшин нэмэгдэж, хадлангийн бүс нутгийн тодорхой хэсэг усанд автсантай холбоотой өмнөх жилүүдэд бэлтгэдэг байсан хэмжээндээ хүрч чадахгүй байж магадгүй гэж  тус сумын Засаг даргын орлогч Л.Төрмөнх хэллээ.

Буянт сумын  Нарийн гол, Цагаанбургас багийн нутагт сумын Засаг даргын захирамжаар наймдугаар сарын 15-наас эхлэн энгийн иргэдээс гадна 20 орчим салаа, бригад сумын удирдлагуудтай хийсэн гэрээний дагуу хадлан тэжээл бэлтгэж байна.

 Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жил өвсний гарц сайн байгаа тул есдүгээр сарын сүүлч хүртэл буюу өвсний сөл тасартал хадлан тэжээлээ бэлтгэнэ гэдгээ иргэд хэлж байлаа. 

Ховд аймгийн Мянгад сумын хадлангийн бүс нутгийн зарим хэсэг нь усанд автсан боловч ус татарч, иргэд хадлангаа хадаад эхэлчихсэн талаар сумын удирдлагууд мэдээллээ.

А.Бямбасүрэн

Related news