Сэлэнгэ аймаг инженер Засаг даргатай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-01 16:25:10

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар “Сэлэнгэ Энерго” ОНӨУҮГ-ын даргаар ажиллаж байсан Ш.Оргилыг  төлөөлөгчдийн 100 хувийн саналаар аймгийн Засаг даргаар сонгож, Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлснээр бүрэн эрх нь баталгаажсан билээ.

2016-2020 онд Сэлэнгэ аймгийг удирдан чиглүүлж явах аймгийн Засаг дарга Ш.Оргил эрчим хүчний инженер мэргэжилтэй. Тэрээр тус аймгийн ИТХ-д хоёр дахь удаагаа төлөөлөгчөөр сонгогдож байгаа юм.

Аймгийн Засаг дарга Ш.Оргил нь 1979 онд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн. Эхнэр хүүгийн хамт амьдардаг байна. Тэрээр ШУТИС-ийн Эрчим хүч, инженерийн сургуулийг дулааны инженер, Их Засаг их сургуулийг эрх зүйч, компьютерийн программист мэргэжлээр тус тус дүүргэсэн магистрант аж. Ш.Оргил нь 2005-2008 онд Сэлэнгэ аймгийн Гаалийн газарт байцаагч, программист, 2008-2009 онд “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-т инженер, 2009 оноос өнөөдрийг хүртэл “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байсан юм.

Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны Тэргүүлэгч, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч, мөн аймгийн НАМЗХ-ны Тэргүүн, Сүхбаатар сумын МСУХ-ны Тэргүүн, аймгийн Волейболын холбооны дэд тэргүүний сонгуульт ажилтай аж. Мөн түүнчлэн Эрчим хүчний Тэргүүний ажилтан, аймгийн Засаг даргын жуух бичиг, Сэлэнгэ аймгийн 80 жилийн ойн медаль, МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медалиар тус тус шагнагджээ. Түүний аав н.Шархүү нь аймгийн АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгад дуучнаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд суусан, Монгол Улсын гавьяат жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин хүн юм.

                                                                                            Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Related news