Хүүхэд бүхэнд “Би чадна” гэсэн итгэл өгөхийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-01 12:54:22

Өнөөдөр Монгол эх орны минь өнцөг булан бүрт хичээлийн шинэ жилийн баярын нээлт болж байна. Амьд цэцгийн баглаа тэвэрсэн хүүхэд багачууд, эцэг, эхчүүдийн нүүрэнд баяр баясал, инээд хөөр тодорсон харагдана. Энэхүү баярт өдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕББД 12 жилийн 2-р сургуулийн эрдмийн баярт оролцож, баяр хүргэлээ.

Тэрээр ”Эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчид, хүндэт эцэг эхчүүд, эх орны маань ирээдүй их бүтээн байгуулалтын эзэд болох хүүхэд багачууд та бүхэндээ эрдэм номын баярын мэндийг аймгийн удирдлагын багийн өмнөөс болон хувиасаа хүргэн мэндчилье. 2016-2017 оны шинэ хичээлийн жилд стандартад суурилсан боловсролын тогтолцоог бий болгох, сургуулийг хүн хөгжлийн төв болгон хөгжүүлэх, бүх шатны боловсрол сургалтын байгууллагад эрүүл, аюулгүй, ээлтэй орчин, хүртээмжтэй үйлчилгээг бий болгох зорилго, зорилтуудыг дэвшүүлж байна. Энэхүү зорилтыг хангахад боловсролынхон маань өнгөрсөн хугацаанд олсон амжилтуудаа улам бататган тэргүүлэх үүргийг гүйцэтгэж, манлайлан ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна. Монгол Улс байгалийн баялгаас илүүтэй монгол хүний эрдэм боловсрол, мэдлэгт тулгуурлан, тогтвортой хөгжих нь ирээдүйн эрхэм зорилт гэж үзэж байгаа. Иймээс энэ цаг үед бид эх оронч сэтгэлгээтэй, амьдрах арга ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн зөв монгол хүн, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлого хөтөлбөрүүдийг онцгой анхааран ажиллах нь чухал юм. Ингээд та бүхэндээ 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дахин өргөн дэвшүүлэхийн зэрэгцээ хүүхэд бүхэндээ “би чадна” гэсэн итгэлийг өгч, хүүхэд бүрийг хөгжүүлэн, зөв монгол хүүхдийг төлөвшүүлэх их ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, амжилттай сайн ажиллаж, сурч боловсрохыг хүсье” хэмээлээ.

Тус сургуулийн хичээлийн шинэ жилийн баярын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын гавьяат багш н.Дорждамба, аймгийн БСГ-ын мэргэжилтэн П.Алтантуяа нар оролцлоо. Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕББД 2-р сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэг н.Амарсанаа:”2016-2017 оны хичээлийн шинэ жилийн гал халуун мэндийг та бүхэндээ хүргэе. Манай хамт олон 2015-2016 оны хичээлийн жилд Улсын тэргүүний сургуулийн болзлыг ханган ажилласан. Бидний өмнө энэ хичээлийн жилд Монгол Улсын боловсролын салбарт ахлах буюу бүрэн дунд салбарт цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг оногдож байна. Энэхүү хөтөлбөрөөр 10, 11, 12-р ангийн сурагчид хичээлээ сонгодог боллоо. Энэхүү цоо шинэ тогтолцооны шинэчлэлийг манай хамт олон амжилттай сайн гүйцэтгэж чадна гэдэгт итгэл дүүрэн байна.” хэмээн хэллээ.  

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Related news