БОЭТ-д Засаг даргын нөөц сангаас 20 гаруй сая төгрөг олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-08-31 14:37:43
oyuka_hu@yahoo.com

БОЭТ-ийн захирал Ч.Цэрэндагва Засаг дарга Д.Батлутад эмнэлгийнхээ зарим үйл ажиллагаа болон төсөв, эмийн хүрэлцээ, тулгамдаж буй асуудлаа танилцууллаа. Тус эмнэлэгт чих хамар хоолой, нүд, сүрьеэгийн мэргэжлийн эмч дутагдалтай байгаа ажээ.

Мөн жилд дунджаар 1 тэрбум 200 сая төгрөгийн эмийн төсөв батлагддаг ч эхний хагас жилд мөнгө нь дуусчихдаг байна.  Үүний улмаас эмийн өр үүсч энэ нь эмнэлгийн үйл ажиллагаанд  сөргөөр нөлөөлж байгаа  ажээ. Өнөөдрийн байдлаар 786.7 сая төгрөгийн өр үүсээд байгаа гэнэ. Мөн Дэнж багт байрлах “Уламжлалтын тасаг” санхүүжилтгүйн улмаас үйл ажиллагаа нь доголджээ. Эл мэдээллийн дараа Засаг дарга Д.Батлут, “ Долоо хоногийн өмнө би Төрөх тасгийн эмч нартай уулзаж тэдний тавьсан санал, хүсэлтийг шийдвэрлэж эхэлсэн. Тухайлбал, Төрөх тасгийн 6 өрөөг камержуулахад 3.5 сая, тусламж дуудах дуудлагын аппаратад 1.5 сая, Нярайн тасагт жижүүр эмч нэмж гаргахад шаардагдах цалинд 14 сая төгрөг нийт 20 гаруй сая төгрөгийг орон нутгаас шийдэхээр болсон. Мөн нярайн уушиг тэлэх 4 тун эм, тарианы мөнгийг Засаг даргын нөөц сангаас гаргана. Иймд ажлаа улам эрчимжүүлж иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх хэрэгтэй” гэлээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

Related news