ХӨВСГӨЛ: Хүйтний улиралд уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-02-02 15:42:46

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас “Уснаас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах журам”-ын дагуу хүйтний улиралд усны гүнээс эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг Бүрэнтогтох сумын Эрчим  багийн нутаг Дэлгэрмөрөн гол Өндөр хясаа гэдэг газар зохион байгууллаа.



Дадлага сургуулийн үеэр жижиг цооног гарган усчин аврагчдыг 10-20 минутын хугацаатай усны гүнд шумбалт хийлгэн нэрвэгдэгчийг уснаас эрэн хайх, хүйтэн орчинд биеэ дасгах, усны орон зайн мэдэгдэхүүнээ дээшлүүлж, мэргэжлийн ур чадвараа ахиулан харилцан туршлага солилцсон байна.

Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн онд усны гаралтай 18 дуудлага, осол бүртгэгдэж 11 хүн амиа алдсан бөгөөд он гарсаар нэг дуудлага бүртгэгдэж, нэг хүн амиа алджээ. Сургуулийн үр дүнд аврах ажиллагааны арга техникийг эзэмшин, алба хаагчдын мэдлэг, ур чадвар дээшилж тактикийн зөрчилгүй, усчин аврагчид уснаас аврах багаж хэрэгсэл дээр бие даан болон багаар ажиллах мэдлэг, чадварыг эзэмшжээ. 

Related news