Монгол Улс АНУ цахим хөгжил, хүнс, эрчим хүчний аюулгүй байдлын талаар хамтран ажиллах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2023-02-02 12:52:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр АНУ-ын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлийн байгууллагын төлөөлөлтэй цуврал уулзалт хийж, хоёр талын эдийн засгийн харилцааг өргөжүүлэх талаар санал солилцож байна.

Тэрбээр АНУ-ын Хөгжлийн санхүүжилтийн корпорац (DFC)-ын Үйл ажиллагаа хариуцан захирал хатагтай А.Дасевиц тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, Монгол, Америкийн эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, хөгжлийн санхүүжилт авах зэрэг асуудлаар ярилцав.


Америкийн талаас цаашид хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаанд хоёр орны хувийн хэвшлийн салбарыг дэмжин оролцуулах зорилгоор тус байгууллагаас ойрын хугацаанд Монгол Улсад айлчлах үеэр хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзалт, үйл ажиллагаа зохион байгуулахаар тохиролцов. Талууд Хөгжлийн санхүүжилтийн корпорацын хүрээнд цахим хөгжил, хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдал зэрэг чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.


Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр мөн АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын Хятадын асуудал хариуцсан Туслах төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Т.Ж.МкКартинтай хийсэн уулзалтаар “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийн явцын талаар хэлэлцэв.


Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүд болон хууль эрх зүйн шинэчлэлийн талаар ярилцаж, худалдааг хөнгөвчлөх талаар мэдээлэл солилцов гэж Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-наас мэдээллээ.

Related news