“Эрдэнэс Монгол” ХХК-иас явуулах ажлын байрны шалгалтад 2407 хүн хамрагдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-01-24 13:33:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нээлттэй болон нөөц бүрдүүлэх ажлын байрны сонгон шалгаруулалтын явцын талаар өнөөдөр холбогдох байгууллагуудаас мэдээлэл хийлээ. 


Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор 88 ажлын байрны сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарлаж, бүртгэлийг энэ сарын 2-16-ны өдрийн 18 цаг хүртэл зохион байгуулсан юм. Бүртгэлийн ажил дуусгавар болсны дараагаар 19 хүний бүрэлдэхүүнтэй ажлын дэд хэсэг 17-20-ныг хүртэл хугацаанд иргэдээс ирүүлсэн материалыг нягтлан шалгасан байна. Ингэхэд давхардсан тоогоор 3544, давхардаагүй тоогоор 2955 хүн бүртгүүлсэнээс 2407 хүн баримт бичиг бүрдлийн шаардлага хангасан болохыг тогтоосон аж. 


Үүний дараагаар явагдах сонгон шалгаруулалтын шат энэ сарын 26-27-нд Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд болох ба өдөрт таван ээлжээр танхимаар зохион байгуулна. Иймд тухайн иргэн https://e-tanhim.gov.mn/jobad  сайтад нэвтэрч, шалгалт өгөх цагаа мэдэх боломжтой. Шалгалт дууссан даруйд тухайн иргэнд шалгалтын онооны талаарх мэдээлэл хүргэгдэнэ. Сорилын шалгаруулалтаас хамгийн өндөр оноо авсан 5 хүн тус бүрийг ажлын байрны ярилцлагад урих юм. Ажлын ярилцлагыг олон улсын арга зүйд тулгуурлан, нэгдүгээр сарын 30-31, хоёрдугаар сарын нэгний өдрүүдэд явуулах аж. 




Related news