ДУНДГОВЬ: Ө.Эрдэнэтунгалаг: Улаан буудайн соёолжоор мал тэжээхэд үр дүн ихтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-01-19 09:54:40
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Гидропоник буюу хөрсгүй тариалалтыг туршиж, малын тэжээл тариалж эхэлсэн залуу бүсгүйтэй ярилцлаа. Энэ эмэгтэй бол ”Говь сервис” сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ө.Эрдэнэтунгалаг.

Тэрээр шинэ технологийг өөрөө судлан орон нутагтаа туршиж, анхныхаа үр дүнг үзэж, хэрэглэгчдэдээ танилцуулсан, инновац нэвтрүүлж буй эмэгтэй юм.


-Улаан буудайн соёолж, малын тэжээл даршмалыг аймагтаа анх удаа тариалж, хэрэглэгчдэд таниулж байна. Гидропоник буюу хөрсгүй тариалалт хийх энэ бизнес санааг хэрхэн олж, хэрхэн хэрэгжүүлж эхэлсэн бэ?

-Гидропоник систем гэдэг нь хөрсгүй орчинд ургамал тариалах орчин үеийн шинэ технологи. Анх юүтүбээс бичлэг үзээд “тарьж болох юм бна” гэдэг санаагаа олсон. Сонирхол татаад гидропоник (хөрсгүй тариалалт) технологийг судалж үзэхэд ургуулж болох юм байна, цаашлаад улаан буудайн соёолжоор мал тэжээхэд маш их үр дүнтэй юм байна гэдгийг гадаадын олон эрдэм шинжилгээний ажлуудаас олж мэдлээ.

Туршилтын тариалалтыг хийж нэлээн олон кг улаан буудайн үр ашигласан. Энэ технологийг бусад аймагт туршиж эхлээд аймаг орон нутаг, удирдлагууд нь дэмжээд эхэлсэн нь ч байна. Манай аймгийн хувьд бол шинэ байсан.

7-8 хоногт л ургаж гүйцдэг, үндсээрээ барьцалдаад ургадаг болохоор тэр чигээр нь малд тавиад өгчихнө. Улаан буудайн үрийг угаагаад технологийн нь дагуу тариалж байгаа болохоор хадлангийн өвснөөс уургийн агууламжаараа хамаагүй илүү гэдэг нь нотлогдсон.



-Энэ тэжээлээ туршиж үзэв үү?

- Ганц бичлэг үзэж, эрдэм шинжилгээний ажлуудыг уншаад шууд тариалалт хийнэ гэдэг хангалтгүй, амжилттай болдоггүй юм байна лээ. Тэгэхдээ хичээсний үр дүнд амжилттай болсон. Туршилтын тариалалт амжилттай болмогц сүүний чиглэлийн үхэр 14 хоног тэжээж үзсэн. Хоёрхон долоо хоногт үхэр махан тарга сууж, тамир тэнхээ орж, сүүний гарц нэмэгдсэн бодит үр дүнгүүд гарсан.

Ер нь манай аймгийн хувьд сүүний чиглэлийн үхэр үржүүлэх маш хэцүү. Миний мэдэж байгаагаар олон бизнес эрхлэгч сүүний үхрийн ферм ажиллуулах гээд тэжээлийн зардлаа хүчрэхгүй үхрээ зарж, ажлаа зогсоож байсан түүх бий. Тэгвэл энэ тэжээлийг ихээр тариалж чадвал говьд сүүний үхрийн ферм байгуулах боломж байна гэж харж байна.

Мөн энэ хугацаанд манай тэжээлээр төлөг шүдлэн, хурга ишиг тэжээж байсан хүмүүс бас ам сайтай байсан.


-Тэгэхээр байнга тариалаад байвал энэ тэжээлээр хавар ядарсан малаа тэжээж, онд оруулах боломжтой юм байна, тийм үү?

-Хөгшчүүд хатсан хавар гэж ярьдаг. Хавар мал төллөж, байгалиас авах малын тэжээл ховордож, малчид өвс, тэжээл худалдан авдаг. Тэгвэл энэ үед ногоон ургамал малдаа өгнө гэдэг урамтай юм байна лээ.

Манай аймаг мал аж ахуйд түшиглэсэн эдийн засагтай. Бэлчээрийн даац хэтэрч, доройтол бий болж байна. Байгалийн өөрийнх нь үзэгдэл, хүмүүсийн буруутай үйл ажиллагаа, малын тоо толгой хэт олон болсонтой холбоотойгоор ашиг шимт ургамал ховордсон, мал бэлчээрээс авах уургийнхаа дөнгөж 7 хувийг л авдаг болсон гэсэн дүгнэлт байгаа.

Дээрх сөрөг нөлөөнөөс болж малаас авах ашиг шим багасаж, мал давжаарах, малын амь хэврэг өөрөөр хэлбэл аливаа бэрхшээлийг даван гарах чадвар муудаж, төлөрхөг чанар багасах зэрэг муу дагаврууд бий болж байгаа.

Тэгэхээр манай тэжээлийн хувьд 22,5 хувийн уургийн агууламжтай, дээр нь бид баяжуулалт хийж, эрдсийн агууламжтай болгон үйлдвэрлэлийн туршилт хийгээд явж байна. Манай тэжээл бол малчдад тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх бүрэн боломжтой юм.



-Цаашдын зорилгоо танилцуулбал?

-Одоогоор бид бүтээгдэхүүнээ хадгалах, сав баглаа боодлыг сайжруулах үүднээс 2 төрлөөр тэжээл тариалаад лабораторид шинжлүүлэх гээд өгчихсөн, албан ёсны бичиг баримттай болох гээд хүлээж байна.

Одоогоор аймгийн төвд 35 м2 байранд тарьж байгаа. Бизнес маань дөнгөж гарааны түвшинд байгаа болохоор санхүүгийн хувьд жаахан бэрхшээл тулгарч байна. Гэхдээ үр дүн нь 100 хувь нотлогдож байгаа учраас удахгүй энэ бэрхшээлээ давж гарах байх гэж итгэж байгаа.

Би үр дүнтэй энэ малын тэжээлийг олон малчид мэддэг болж, өөрсдийнхөө хөрөнгө болсон мал сүргээ тэжээн түүнийгээ чанаржуулж, эдийн засгаа сайжруулаасай гэсэн том хүсэл мөрөөдөл тээж явна даа.

Яваандаа том үйлдвэртэй болно гэж зорьж байна. Гарааны бизнес орон сууцны хонгилоос л эхэлдэг шүү дээ.


-Энэ бүтээгдэхүүний ач холбогдол, түүнийг хэрхэн хэрэглэх талаар тодруулаач?

-1 кг улаан буудайн үр хөврөл, үндэс бүхий шинэхэн нахиалсан ногоон соёолж, малын тэжээлийн шимт чанар 1 боодол буюу 18-20 кг байгалийн хадлангийн өвстэй тэнцэнэ,

-Хэвийн жинтэй малд өдөр тутам өгч буй тэжээлийн орц норм дээр амьдын жингийн 1 хувиас 1,5 хувьд тооцон нэмэлтээр өгөхөд жингийн алдагдалд орохгүй, жин нэмж, мөн сүүний гарц нэмэгдэнэ,

-Эмчилгээний чанартай тул турж эцсэн, тамир муутай, өвчтэй малд анх өгөхдөө амьдын жингийн 0,5 хувьд тооцон багаар дасгаж өгсөөр 3 хувь хүртэл хэмжээтэйгээр 21 хоног өгөхөд сэргэж хэвийн байдалд орно,

-Хоол боловсруулах эрхтэн дэх хүчил шүлтийн хэмжээг тэнцвэржүүлж, хэвлэг буюу хадлангийн өвс, ногоон тэжээл гэх мэт бусад хоол тэжээлийг задалж, шимт бодисыг биед шимэгдүүлэх үүрэгтэй ходоодны ашигтай бактерийг нэмэгдүүлж, ялгадсаар алдах тэжээлийн алдагдлыг багасгана.

- Малын бие организмын бодисын солилцоог идэвхжүүлэн, хордлого тайлж, дархлааг сэргээж эрүүлжүүлнэ.


-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье!



Related news