ӨВӨРХАНГАЙ: Өрх бүр өөрийн хүнсээ бэлтгэх зорилтыг дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-01-16 15:21:21

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар “Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх жил”-ийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг урьдчилсан байдлаар хэлэлцлээ.

Аймгийн ИТХ-аас 2023 оныг “Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх жил” болгон зарласан бөгөөд өрхийн тариаланчид, хүнсний үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжиж, эрүүл, аюулгүй хүнсээр өрх гэр, сум орноо хангах зорилтыг дэвшүүлж байгаа юм.


Энэ хүрээнд Зөвлөлийн гишүүд;

  •      Хуванцар савнаас татгалзаж, уламжлалт модон хувин, ган төмөр сав суулгыг хэрэглээнд нэвтрүүлэх
  •     Өрх бүр өөрсдийн хүнсээ бэлтгэх уриалгыг дэвшүүлж, төмс, хүнсний ногоо тарих, боловсруулах сургалтад хамруулах, үрийн дэмжлэг үзүүлэх
  •      Өрхийн хэрэгцээнд таарсан хүлэмжийг нийлүүлэх
  •      Малын гаралтай дайвар бүтээгдэхүүнийг боловсруулдаг үйлдвэр, цехүүдийг дэмжих
  •      Хүнсний сав, баглаа боодолд анхаарах
  •      Талх, нарийн боовны үйлдвэрлэл дэх хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй тосны хэрэглээнд хяналт тавих
  •      Говийн ямааны ааруул, хонины цагаан тос, сарлагийн сүү зэрэг цагаан идээний брэнд бүтээдэхүүнээ хөгжүүлж, түгээн сурталчлах зэрэг олон саналыг хэлж, төлөвлөгөөнд тусгалаа.

Аймгийн Засаг даргын зүгээс малчдад малын эмийн зохистой хэрэглээний тухай мэдлэг, ойлголт өгч, малын эм тарианы үнэ өртөгт хатуу хяналт тавих, аймгийн хэмжээнд байгаа хүнсний зоорийн хүрэлцээ, ашиглалтын талаар судалгаа гаргах үүрэг, даалгаврыг өгчээ.

Related news